Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Тамир: Ирэх Бямба гарагт болох Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдаан онооны системээр явагдана

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Зургийг "Монгол нюьс"

“Хил хязгааргүй спорт” төрийн бус байгууллагаас Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдааныг зохион байгуулах гэж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Сар бүр цувралаар зохион байгуулах Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн тэмцээнийг манай ТББ-аас санаачлан Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран "Эрхэт Монгол" группийн ивээн тэтгэлэгтэйгээр гурван талын гэрээ хийж, дөрвөн жилийн хугацаанд зохион байгуулахаар болсныг Хил хязгааргүй спорт ТББ, Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн гүйцэтгэх захирал, спортын сэтгүүлч Н.Тамир мэдээллийн эхэнд онцлов. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Аравдугаар сарын 16-нд буюу Бямба гарагт Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдаан Монгол бөхийн өргөөнд болно. Барилдааны бүртгэлийн ажиллагаа дууссан ба одоо ид барилдаж байгаа улс, аймаг, цэргийн алдар цолтой 32 бөх бүртгүүлж, сугалаа сугалсан. 

Шударга шүүлт, шударга барилдаан, сахилга бат, хариуцлага, ёс зүйн дүрмийг мөрддөг, өндөр шагналын сантай гэдгээрээ Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн анхдугаар барилдаан нь онцлогтой. Тамирчид олон жил тогтвортой явагддаг энэхүү лигийн тэмцээнд оролцсноор учр чадварын хувьд өсөн дэвжиж, сайжирдаг давуу талтай" гэлээ. 

Анхдугаар барилдаанд 32 бөх барилдах учраас тав даваад түрүүлэх аж. Ингэхдээ эхний гурван давааны үндсэн барилдаан 10 минут, дан болон давхар шуудагнаас гурван минут буюу нийтдээ 16 минут барилдана. Дөрөв, тавын барилдааны үндсэн цаг нь 15 минут, дан, давхар шуудагнаас зургаан минут гээд нийт хугацаа 27 минут байна. Минутаасаа өмнө хаялцсан тохиолдолд хаясанд тооцох аж.

 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн, улсын заан Ц.Магалжав “МҮБХ нь “Хил хязгааргүй спорт” ТББ-тай хамтран лигийн барилдааныг зохион байгуулахаар ажиллаж байна.

Лигийн барилдаан нь шинэлэгээр явагдана. Үндэсний бөхчүүдэд чөлөөт, жүдогийнхны адилаар  оноо олгох шүүлтийн системийг хэрэглэхээр болсон. Бусдаар бол МҮБХ-ны уламжлалт барилдааны дүрмийг баримтална” гэв.

Хил хязгааргүй спорт ТББ-ын үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Бат-Эрдэнэ “Уламжлалт үндэсний бөхийн барилдаан ам аваад зургаан даваа оноолтоор явагддаг байсан бол Монгол үндэсний бөхийн мэргэжлийн лигийн барилдаанаар онооны системийг нэвтрүүлнэ. Мөн амжилтын системийг нэвтрүүлсэн. Хэн амжилттай сайн барилдана тэр хэмжээгээрээ шагналаа авна гэсэн үг. Ивээн тэтгэгч, хамтран ажиллах байгууллагуудад нээлттэй гэдгийг хэлье” гэв.