Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/13-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн нийслэлд оршдог Колумбийн хөшөөний оронд Индиан эмэгтэйн хөшөөг босгоно

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Мехико хот дахь Колумбийн хөшөө

Мексикийн нийслэл Мехико хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй гудамжинд байрладаг Христофер Колумбийн хөшөөг буулгаж, оронд нь Испанийн колоничлолын өмнөх үед хамаарах нутгийн уугуул эмэгтэйн дүрийг босгохоор болжээ.

Энэ оны нэгдүгээр сард археологичид Мексикийн булангийн Хуастека нутгаас нэгэн эмэгтэйн дүр бүхий чулуун хөшөөг илрүүлж байв. Ойролцоох тосгоны нэрээр “Амахакын Залуу Эмэгтэй” гэж нэрлэгдсэн энэхүү бүтээлийг Испанийн колоничлолоос өмнө оршиж байсан Хуастекагийн соёл иргэншилд хамаатай гэж тодорхойлжээ.

Хөшөөнд чухам хэнийг дүрсэлсэн нь тодорхойгүй ч тухайн үеийн нутгийн уугуул иргэдийн шүтэж байсан үржлийн бурхан байж магадгүй гэж Мексикийн эрдэмтэд дүгнэсэн байна.

 
Амахакын Залуу Эмэгтэй

Тэгвэл Мехико хотын захиргаа уг хөшөөний гурав дахин томруулсан хуулбарыг Христофер Колумбийн хөшөөний оронд байрлуулах шийдвэр гаргажээ.

Колумбийн хөшөөг буулгаад хүмүүсийн хөл хөдөлгөөн багатай өөр газарт шилжүүлж байрлуулахаар болсон байна.

Жил бүрийн аравдугаар сарын 12-ны өдрийг АНУ-д Колумбийн өдөр хэмээн тэмдэглэдэг уламжлалтай. Америкт тивд Колумбийн хөлөг анх 1492 онд ирсэн энэ өдрийг Мексикт бас “Dia de la Raza” гэж нэрлэдэг.

Өмнө нь Колумбийг Америк тивийг нээсэн түүхэн хүн хэмээн өргөмжлөх явдал давамгайлдаг байсан бол сүүлийн үед түүнийг колоничлолыг эхлүүлж, нутгийн уугуул иргэдийг харгислан устгах эхлэлийг тавьсан хүн хэмээн шүүмжлэх болжээ. Үүнтэй холбоотойгоор Колумбийн хөшөөнд халдах, гутаан доромжлох явдал нэмэгдсэн юм.

Азтекийн нийслэл Теночтитлан хот (өнөөдрийн Мехико хот) Испанийн колоничлогчдод эзлэгдсэний 500 жилийн ойг тэмдэглэх үеэр Мехико хотын захирагч Клаудиа Шэйнбаум “энэ бол уугуул иргэдийн тэмцлийн 500 жилийн ой юм” гэж хэлээд Колумбийн хөшөөг Индиан эмэгтэйн хөшөөгөөр солих санаа дэвшүүлсэн юм.

 

Эх сурвалж: The Guardian