Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон бол торгууль төлнө гэсэн санкцыг Эрүүгийн хуульд одоо хүртэл байлгаад байгаа УИХ-ын гишүүдээс ичиж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 10 сарын 11
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Олон улсын охидын эрхийг хамгаалх өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан охидын эрх зөрчигдөж буй асуудлаар хуульч Р.Булгамаа болон бусад ТББ-аас мэдээлэл хийлээ.

Энэ үер Хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нийгэмлэг холбоо НҮТББ-аас УИХ-ын дарга Ш.Занданшатарт зарим хуульд өөрчлөлт оруулах саналыг хүргүүлсэн юм.

"Хүчирхийлэлд өртсөн охидын сэтгэл санааны хохирлыг тооцон, нөхөн олговор олгодог хуулийн зохицуулалт хэрэгтэй байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Хуульч Р.Булгамаа “Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хүүхэд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол маш олон болсон. Ялангуяа охидын эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, тэр дундаа бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг анхаарал татах болжээ.

Өдрөөс өдөрт аймшигтай, анхаарал татсан гэмт хэргүүд дараалан гарах боллоо. Ноцтой гэмт хэрэг гарах бүрд бид нийгмээрээ шуугиад л хэсэг хугацааны дараа мартчихдаг дүр төрх нийтлэг болж байгаад цэг тавих цаг ирсэн.

Өнөөдөр хүүхдийн эсрэг үйлдэгдсэн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг анхаарч, үүнээс урьдчилан сэргийлэхэд төрийн болон мэргэжлийн байгууллагууд оновчтой шийдэл гаргаж чадахгүй байна.

Хүүхэд бол бидний ирээдүй. Тиймээс бид энэ асуудлыг нийгмээрээ анхаарч, гэмт хэргийн хохирогч болсон охидын сэтгэл зүйн эмгэгийг эмчлэх, нийгэмших, нэр төрөө хамгаалахад нь чиглэсэн оновчтой төрийн бодлого яаралтай шаардлагатай.

Хүчирхийлэлд өртсөн охид амь нас, эрүүл мэндээрээ хохирч, ирээдүйд итгэх итгэлээ алдаж байна. Бараг л өдөр бүр бидний энхрийлэн ургуулсан цэцэг шиг охид бусдын гарт, бусдын эрхшээлд автан бие махбод, сэтгэл санаагаараа хохирч байгааг бид зүгээр харсаар л, хүлээн зөвшөөрсөөр байж болохгүй.

Тоо баримт дурдахад,

  • 2017 онд 137 охин
  • 2018 онд 309 охин
  • 2019 онд 350 охин
  • 2020 онд 328 охин
  • 2021 оны эхний найман сарын байдлаар 228 охин бэлгийн халдашгүй дархан байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч болоод байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн тавхан жилийн хугацаанд 1,400 гаруй хүүхэд ийм аймшигт гэмт хэргийн хохирогч болжээ.

Иргэд Та бүхэн энэ асуудлыг “Миний ойр, тойронд ийм асуудал гараагүй” гэж битгий хараарай. Ийм аймшигт гэмт хэрэгтэй бид тэмцэхгүй, хүлээн зөвшөөрөөд, дэмий сонсоод явсаар байвал нэг л өдөр бидний хаалгыг тогшиход ойрхон байна.

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт хууль, хяналтын байгууллагаас зөвхөн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгээд орхиж байгаа нь харамсалтай. Тиймээс хохирогч охид өөрсдөө сэтгэл зүйч олж уулзах зэргээр ийм гэмт хэргийн хохирогч болсныхоо хор уршгийг даван туулах гэж хичээдэг. 

Хүсэл мөрөөдөл, ирээдүй дээр нь сүүдэр буусан охидыг бид бодож, хүндэтгэж, нэр төрийг нь сэргээхэд анхаарч, тэдэнд итгэл хайрлахын зэрэгцээ гэмт хэрэгтэнд оноох хариуцлагыг чангатгах ёстой. Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон охидыг гэмт хэрэг шийдвэрлэгдэж дуустал төрийн хамгаалалтад авдаг байх зохицуулалт Монголд үгүйлэгдэж байна.

Хүүхдийн эрхийн хамгааллын чиглэлд Хүүхдийн байцаагчийн орон тоог би болговол хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо буурна гэж мэдээлж байсан. Гэвч өнөөдөр ЦЕГ-т 150 гаруй Хүүхдийн байцаагч ажиллаж байгаа ч зүгээр л хэрэг бүртгэл нээгээд сандал дээрээ суудаг албан тушаалтны тоо нэгээр нэмэгдлээ гэж харж байна.

Хүүхдийн эрхийн хамгааллын чиглэлд Хүүхдийн байцаагчийн орон тоог би болговол хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо буурна гэж мэдээлж байсан. Гэвч өнөөдөр ЦЕГ-т 150 гаруй Хүүхдийн байцаагч ажиллаж байгаа ч зүгээр л хэрэг бүртгэл нээгээд сандал дээрээ суудаг албан тушаалтны тоо нэгээр нэмэгдлээ гэж харж байна.

150 гаруй хүүхдийн байцаагч өнөөдөр гудамж талбай, сургуулийн орчинд гараад хүүхэд гэмт хэрэгт өртөхгүй байх орчин нөхцөлийг бий болгох, урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөлийн ажлыг хийвэл магадгүй үр дүн гарна.

Хохирогч охидын сэтгэл санаанд учирсан гэмтлийн зэргийг тогтоодог, гэмтлийг эмчлэхэд хэр хугацаа, хэр зардал орохыг тооцдог зохицуулалт буюу Сэтгэл санааны хохирлыг тооцон олгох журамыг шинэчилж, батлан ажил хэрэг болгохыг хууль тогтоогчдоос хүсэж байна” хэмээн ярив.

"Хүчиндэх гэмт хэргийн зарим нь Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйл рүү орж, ял завшихад хүргэж байна"

Мөн тэрбээр “Миний хувьд, олон жил бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон охидод хууль зүйн үйлчилгээ үзүүлж ажиллаж байгаа. Энэ тоо огтхон ч буурахгүй байна.

Гэмт хэрэгтнүүд хорих ялаас огтхон ч эмээхгүйгээр ийм гэмт хэргийг үйлдсээр байгааг анхаарах ёстой. Ийм гэмт хэрэг сүүлдээ ураг төрлийн буюу ахуйн шинж чанартай болж байгаа нь хамгийн айдас дагуулсан асуудал.

Гэмт этгээдүүдийн малаас дор энэ мэт үйлдлийг бид харж, сонссоор байх зүй бус үйлдэлдээ цэг тавихыг уриалж байна.

Тиймээс охидын эрх, сайн сайхан ирээдүйн төлөө “Охидоо хайрлая” хөдөлгөөнийг аавуудтай хамтарч, аавуудыг уриалж эхлүүлж байгаагаа Охидын эрхийн хамгаалах энэ өдөр хэлье. 

Мөн бид

  • Хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг үйлдэж байгаа гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах
  • 2015 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар баталсан 12.5 дугаар зүйл заалтын өөрчлөх саналыг УИХ-д хүргүүлж байна.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар баталсан 12.5 дугаар зүйл нь хүүхдийн бэлгийн халдашгүй байдлыг хамгаалахад ухралт хийсэн хуулийн зохицуулалт. 14-18 настай хүүхэд гэдэг эрх зүйн бүрэн чадамжгүй этгээдүүд. Тиймээс хүүхдийн эрхийг зөрчсөн энэ заалтыг өөрчлөх ёстой.

Хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон бол торгууль төлнө гэсэн санкцийг хуульд одоо хүртэл байлгаад байгаа УИХ-ын гишүүдээс ичиж байна. Хүүхдээ хайрлаж, энэрэх төрийн бодлого үнэхээр алга.

Хүчиндэх гэмт хэргийн зарим нь Эрүүгийн хуулийн 12.5 руу орж, ял завшихад хүргэж байна. Энэ зүйл заалтыг хүчингүй болгож өгөхийг УИХ-ын гишүүд, тэр дундаа эмэгтэй гишүүдээс хүсэж байна.

Хүчирхийллийн асуудал хүүхдээр ч хязгаарлагдахгүй охид, бүсгүйчүүдийн эрх ч өнөөдөр хөндөгдөнө.

Тодруулбал, Эрүүгийн хуульд "Бэлгийн дарамт учруулах" гэдэг зүйл заалт 2015 онд орсон ч 2017 оны парламент бэлгийн дарамт учруулах гэх зүйл заалтыг хассан. Тиймээс энэ өдөр мөн эрүүгийн хуульд байсан "Бэлгийн дарамт учруулах" гэсэн зүйл заалтыг сэргээхийг УИХ-ын гишүүдээс хүсэж байна.

Мөн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг шалгадаг стандарт бий болгож, хэргийг мэргэшсэн прокурорууд хянадаг тогтолцоог бий болгох шаардлагатай.

Өнөөдөр хохирогч, хохирогчоороо л үлддэг тогтолцоо Монголд үйлчилж байна” гэлээ.

"Эрүүгийн хуульд байгаа бусармаг зүйл заалтыг УИХ-ын гишүүд өөрчлөх ёстой"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Аавуудын төлөөлөл “Бидний нийгэм үнэхээр ичмээр болчхоод байна. УИХ-ын зарим эмэгтэй гишүүн Хөрөнгө оруулалтын хуулийн төсөлд өөрчлөлт оруулахыг санаалчаад явж байна. Гэтэл бодит байдал дээр тэд хамгийн түрүүнд ирээдүйн бяцхан үрсийнхээ төлөө хууль санаачлах ёстой юм.

Эрүүгийн хуульд байгаа тийм бусармаг зүйл заалтыг УИХ-ын гишүүд өөрчлөх ёстой. Тийм зүйл заалтыг ямар ч эрх мэдэлтэн гаргаж болохгүй. Тэр бол гэмт хэрэг.

Манай улсад хүүхдийг хүн болгох талаас нь анхаарсан төрийн бодлого байхгүй байна” гэв.

"Охид эрхээ хамгаалах нь чухал гэсэн санааг Нандин нас кинонд онцолсон"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нандин нас киноны найруулагч “Би сүүлийн 10 гаруй жил хүүхдэд зориулсан уран бүтээлээр дагнан ажиллаж байна. Энэ хугацаанд хүүхдүүд гэмт хэрэгт өртөж байгаа мэдээллийг сошиал орчинд олон харсан. Би ялгаагүй эх хүний хувьд ийм зүйлийг сонсоод үнэхээр сэтгэл эмзэглэж явдаг.

Үүнийгээ уран бүтээлээрээ дамжуулж Нандин нас олон ангит киног хийсэн. Уг уран бүтээлдээ нийт 500 гаруй хүүхдийг оролцуулсан бөгөөд нийт 35 анги хийгдсэн. Киногоороо бид хүүхдүүдэд зөв үлгэр дуурайлал үзүүлэх нөлөөллийн ажлууд чухал болохыг илэрхийлсэн.

Охидын эрхийг хамгаалах энэ өдөр уран бүтээлч хүний хувьд, охид минь өөрсдөө эрхээ хамгаалах нь нэн тэргүүнд чухал гэдгийг хэлмээр байна. Зөв найзаа сонгон нөхөрлөх зэргээр зүрх сэтгэлийн боловсролтой байхыг уриалж байна. Харин эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ярилцдаг байгаасай” хэмээн ярив.

"ЕБС-д нөхөн үржихүйн эрүүл мэндийн хичээл хангалттай хэмжээнд орохгүй байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нарны охид төслийн төлөөлөл “Манай төсөл үндэсний хэмжээний өсвөр насны охидын хөгжил, боловсролд анхаарч, сургалтын арга хэмжээ явуулдаг. Дөрвөн жилийн хугацаанд манай төсөлд 4,000-5,000 охин хамрагдсан.

Манай улсын ЕБС-уудад 2018 оноос хойш Эрүүл мэндийн хичээл эргэн орж эхэлсэн ч уг хичээлээр нөхөн үржихүйн эрүүл мэндийн хичээл нь хангалттай биш байна.

Үүний нэгэн жишээ нь манай төсөлд хамрагдсан охид өсвөр нас гэдгээ ч мэдэхгүй байна. Тэдний ихэнх нь 15-16 гэж хариулдаг. Гэтэл ДЭМБ, НҮБ-аас 10-19 насны охидыг өсвөр насны охид гэж албан ёсоор тодорхойлсон байдаг.

Ядаж ийм зүйлийг нь ТББ ярих биш, Эрүүл мэндийн хичээлээр нь мэдлэг болгож орсон байх хэрэгтэй.

Өсвөр насанд биед нь ямар өөрчлөлт явагддаг вэ гэдгээ тэд ерөнхий боловсролын хичээлээрээ мэдэж авах хэрэгтэй” гэсэн юм.