Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

КОВИД-19 цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцэж буй ТББ-ууд мэдээлэл хийлээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, нэгдэн орсон олон улсын гэрээг зөрчсөн хуулийн төсөл боловсруулан, иргэдийн мэдэх эрхээс гадуур батлахаар хэлэлцэж байгааг иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

"Ангир нүдэн Мөндөөхэй хөдөлгөөн" ТББ-ын тэргүүн н.Цэрэнханд "КОВИД-19 цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийг бид бүхэлд нь эсэргүүцэж байгаа. Энэ хуулийн төслийн 2.3-т "Энэ хуулийн заалт бусад хуультай зөрчилдвөл энэ хуулийг хэрэглэнэ" хэмээн заажээ. Ингэснээр уул уурхайн хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох, сунгахдаа орон нутгийн засаг захиргаа, иргэдийн санал асуулгыг авахгүй байх нөхцөл бүрдэж байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм. Жишээлбэл, тухай орон нутагт олборлолт явуулж байгаа компани хууль зөрчсөн байсан ч хариуцлага хүлээхгүй нь. 2024 онд хүртэл хэрэгжих энэ хуулийн хүрээнд тусгай зөвшөөрлүүдийг цахимаар, замбараагүйгээр олгох нөхцөл бүрдлээ. 

Тухайн орон нутагт засаг захиргаа, иргэд байхгүй юм шиг дураараа дургиж байгааг бид эсэргүүцэж байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байгааг эсэргүүцэж, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ" хэмээн ярилаа.

Үргэлжлүүлэн "Их бага баян шарга" ТББ-ын тэргүүн Л.Бор "Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг маш яаралтай хялбаршуулсан журмаар буюу УУХҮ-ийн сайдын томилсон таван хүний бүрэлдэхүүнтэй комиссоос олгох гэж байна. Үүнийг бүх аймгийн Засаг дарга, иргэд ялангуяа малчид эсэргүүцэх хэрэгтэй. Ингэхдээ өөрсдийн УИХ дахь төлөөллөөр дамжуулан байр сууриа илэрхийлээрэй.

Манай улсын экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг бөгөөд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа орнуудын нэг болоод буй. Тодруулбал, Агаарын дундаж температур 2.2 хувиар нэмэгдсэн. Мөн хамгийн хурдан цөлжиж байгаа 11 орон, усны үнэмлэхүй хомсдолтой 24 орны нэг болсон. 

Уул уурхайн тэсэлгээ, өрөмдлөгийн улмаас говийн бүсэд жилдээ 400-500 удаа газар хөдөлж байна. Одоогийн байдлаар тусгай зөвшөөрөл олгогдоод буй 2,700 гаруй уул уурхайн компанийн үйл ажиллагааг явуулах экосистемийн даац манайд байхгүй. Гэтэл төр засаг шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүйгээр нийт газар нутгийн 60 хувьд лиценз олгох зорилго тавиад ажиллаж байгааг эсэргүүцэж байна" хэмээв. 

Түүнчлэн эдийн засгийг эрчимжүүлэх хүрээнд бооцоот морины уралдаан зохион байгуулах, тааварт тоглоомын зөвшөөрөл олгох гэх мэт зүйл заалт тусгагдаад байгааг төрийн бус байгууллагуудын нэгдэл ТАН/Төлсөн авснаа нийтэл/ эвслээс мэдээллээ.