Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дөрвөн гишүүний өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хоёр нь татгалзав

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-аар хэлэлцэгдэж буй Хөрөнгө оруулалтын тухай хууль багагүй шүүмжлэл дагуулаад буй. 

Х.Ганхуяг, П.Анужин, Х.Булгантуяа, Д.Өнөрболор нарын дөрвөн гишүүний боловсруулсан уг хуулийн төслийг Их хурал хэлэлцэх эсэхийг нь ямартай ч дэмжсэн. Гэтэл хууль боловсруулахад оролцсон дөрвөн гишүүний хоёр нь буюу П.Анужин, Д.Өнөрболор нар хуулийн төсөл дэх зарим заалтыг буцаан татахаа олон нийтийн сүлжээгээр мэдэгдэв. 

Уг хуулийн төслийг товч танилцуулбал, одоогийн мөрдөгдөж буй хуульд гадаадын хөрөнгө оруулагчдад 100 мянган ам.долларын хөрөнгө оруулсан байх мөнгөн шаардлага тавигдаж буй. Гэтэл нэр бүхий гишүүдийн санаачилсан хуулийн төслөөр дээрх заалтыг хасаж оронд нь 

  • “3.1.5.”гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсад хоёроос доошгүй ажлын байр бий болгосон, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон бусад татвар төлөгч аж ахуйн нэгжийг;
  • 12.1.5.Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох;
  • 12.1.6.гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох;” гэдэг заалтуудыг нэмж боловсруулжээ.

Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүд дээрх хоёр заалттай холбоотой маргаан дэгдээсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Даваасүрэн "Энэ заалтаар худалдан авсан байраа эсвэл үнэтэй машинаа харуулчихад л Монголд оршин суух зөвшөөрөл авах юм байна. Үүнээс болгоомжилж, энэ хуулийн төслийг ҮАБЗ-өөр ярилцах нь зүйтэй гэж үзэж байна. Нэг төгрөгний хөрөнгө оруулалт хийхгүйгээр байр, машинаа үзүүлээд оршин суух виз авдаг байж болохгүй" гэж байв. 

Харин хууль санаачлагч Х.Ганхуяг "Үндэсний хөгжлийн газраас өгсөн мэдээллээр одоогийн хуулийн дагуу мөрдөгдөж байгаа 100 мянган ам.доллар нь ямар ч хяналтгүй байгаа. Өнөөдрийн хуулиар таван тэрбум ам.доллар оруулж ирээд 50 мянган хятад иргэнийг суурьшуулах жинхэнэ боломжтой байгаа шүү. Дараа нь 100 мянган ам.долларыг хэрхэн ашигласан гэдэг нь ямар ч хяналт алга" гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулагч түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз олгоно гэж заасан. Үүнийг Монголд байнга оршин суух визийг гаднын ямар ч хамаагүй хүнд олгох юм шиг ойлгож болохгүй. Энэ зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгоно" гэдгийг тайлбарласан. 

Харин хуулийн төсөл боловсруулахад оролцсон УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өөрийн цахим хуудсаар дамжуулан "Хөрөнгө оруулалтын тухай хуулийн өөрчлөлттэй холбоотой маргаан дагуулж буй гадаадын иргэн оршин суух эрх олгох босгыг бууруулсан хоёр зүйл заалтыг буцаан татах санал гаргахаа илэрхийлж байна. Хуулийн төслийн ахлагч Х.Ганхуяг гишүүн та хариуцлагагүй хандсан үйлдлийнхээ талаар тайлбар хийхийг шаардаж байна" гэжээ. 

Мөн УИХ-ын гишүүн П.Анужин "Хууль өргөн барих албан бичиг дээр чинь гарын үсэг зурахад эдгээр зүйл заалт байгаагүй шүү!!! Эцсийн хувилбараа үзүүлж танилцуулаагүй. Тийм учраас би хулгай гэж хэлнэ.

Нэг талдаа үндэсний язгуур эрх ашиг хөндсөн, нөгөө талдаа итгэл эвдсэн энэ “хог”- оо хэлэлцүүлэг ч хийлгэлгүй, түмний эе, төрийн нүүр баралгүй хууль боловсруулагчийн хувьд эргүүлэн татвал монголын ард түмэн болоод итгэл өгсөн хувь хүн би баярлана.

Надад итгэдэг бүхий л хүмүүст хандаж хариуцлагатай хэлэхэд, хуулийн өөрчлөлттэй холбоотой олны бухимдал дагуулаад буй зүйл заалтанд миний бие огт оролцоогүй, нэг үг, үсэг нэмээгүй гэдгээ чин шударгаар хэлье" гэжээ. 



Гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг бүрэн эхээр нь танилцуулж байна

  • 1 дүгээр зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
  • “3.1.5.”гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа, Монгол Улсад хоёроос доошгүй ажлын байр бий болгосон, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон бусад татвар төлөгч аж ахуйн нэгжийг:”
  • 2 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулж, 12.1.5, 12.1.6 дахь заалт болгох:
  • “12.1.5.Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох;
  • 12.1.6.гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгох;”
  • 3 дугаар зүйл.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн “12.1.6” гэснийг “12.1.7” гэж өөрчлөх.
  • 4 дүгээр зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.