Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Домогт Битлз хамтлагийг тараасан хүн Жон Леннон болохыг Пол Маккартни батлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Их Британийн домогт хамтлаг Битлзийг тарахад хэн буруутай талаар маргаан олон жил үргэлжилж ирсэн юм.

Ихэнх хүмүүс үүнд хамтлагийн гишүүдийн нэг Пол Маккартнийг буруутай гэж үздэг. Харин тэр өөрөө энэ онолыг няцаасаар ирсэн юм.

Тэгвэл тэрбээр өчигдөр BBC Radio 4 сувгийн “This Cultural Life” хөтөлбөрт оролцохдоо хамтлагийг тараасан буруутан нь талийгаач Жон Леннон болохыг дахин баталжээ.

“Задралыг эхлүүлсэн хүн нь би биш. Манай Жонни байсан юм” гэж Маккартни ярьсан байна.

Тухайн үед Битлз хамтлаг бизнесийн олон гэрээ хэлцэл хийж байсан тул хэсэгтээ хамтлаг тарах талаар ярилгүй нууцлахыг менежэр нь гишүүдээс гуйж байжээ. Үүнээс болоод хамтлаг тарахад хэн буруутай талаар зөрүүтэй ойлголтууд бий болсон тухай Маккартни ярьсан байна.

Хөтлөгч Маккартнигаас яагаад хамтлагаа тараах шийдвэр гаргасныг асуухад тэр “Би хамтлагийг тараасан хүн биш. Огт биш. Жон нэг өдөр орж ирээд “Би Битлзээс гарлаа” гэж хэлсэн. Үүнийг задралын эхлэлийг тавьсан гэж хэлж болох уу? Үгүй юу?” гэж хариулжээ.

Тэрбээр ид үедээ байсан Битлзийг тарсанд харамсаж явдгаа хэлээд “Энэ бол миний хамтлаг, миний ажил, амьдрал байсан учраас би уран бүтээлээ үргэлжлүүлэхийг хүсч байсан” гэсэн байна.

Пол Маккартнигийн BBC Radio 4 сувагт өгсөн ярилцлага аравдугаар сарын 23-нд бүрэн эхээрээ цацагдах ажээ. Найруулагч Питер Жэксоны бүтээл “The Beatles: Get Back” нэртэй баримтат кино арваннэгдүгээр сард Disney+ стриминг сүлжээгээр цацагдах юм.

Зургаан цаг үргэлжлэх энэхүү бүтээлд Битлз хамтлагийн тарахаас өмнөх үйл явдлуудыг түүхчлэн үзүүлэх ажээ.

 

Эх сурвалж: Associated Press