Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

Пакистаны “цөмийн зэвсгийн эцэг” 85 насандаа таалал төгсжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Пакистан улсыг цөмийн зэвсэгтэй гүрэн болгоход гол үүрэг гүйцэтгэсэн эрдэмтэн Абдул Кадир Хан 85 насандаа Covid-19 өвчний хүндрэлээр нас барсан тухай тус улсын эрх баригчид Ням гарагт мэдээлжээ.

Тэрбээр Пакистаныг Исламын шашинт орнуудаас анхны цөмийн зэвсэгтэй улс болгосон үндэсний баатар хэмээн эх орондоо өргөмжлөгддөг. Харин өрнөдийнхөн түүнийг цөмийн зэвсгийн технологийг харгис дэглэмтэй улсуудад зарсан аюултай этгээд гэж буруутгадаг байна.

Кадир Хан энэ оны наймдугаар сард Covid-19 өвчний улмаас нийслэл Исламабад хотын эмнэлэгт эмчлүүлж байжээ. Тэгвэл саяхан тэр уушги нь муудсаны улмаас дахин хэвтээд байсан юм.

Пакистаны ерөнхийлөгч Ариф Алви 1982 оноос хойш мэддэг болсон доктор Абдул Кадир Ханыг нас барсанд эмгэнэн гашуудаж байгаагаа мэдэгджээ. “Тэр бол эх орноо цөмийн зэвсгийн довтолгооноос хамгаалахад тус болсон хүн. Түүний хичээл зүтгэлийг улс үндэстэн нь мартахгүй” гэж тэр твиттер хуудсандаа бичсэн байна.

Кадир Хан нь Бельгийн Лёвений Католик их сургуульд металлургийн инженерээр суралцаж байхдаа уран баяжуулах технологийг хулгайлж, 1974 онд цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг Пакистаны засгийн газарт тавьж байжээ.

Тухайн үед Пакистаны хөрш Энэтхэг улс анхны цөмийн зэвсгээ туршаад байсан юм.

Пакистаны тухайн үеийн ерөнхий сайд Зулфикар Али Бхутто түүний саналыг талархан хүлээн авч “Бид өлсгөлөнд нэрвэгдэж, өвс идэж байгаад ч хамаагүй цөмийн зэвсэгтэй болно” гэсэн алдарт үгээ хэлжээ.

Дараа нь цөмийн зэвсгийн технологийг Иран, Ливи, Умард Солонгосын дэглэмүүдэд дамжуулсан хэмээн АНУ-ын засаг захиргаа Кадир Ханыг буруутгаж байсан юм.

Үүний улмаас Пакистаны ерөнхийлөгч асан Первез Мушараф түүнийг олон жил гэрийн хорионд байлгажээ.

Эхлээд Кадир Хан эрх баригчдад мэдэгдэлгүйгээр гадаад улсуудад цөмийн технологи дамжуулснаа хүлээн зөвшөөрсөн ч сүүлд өөрийгөө бусдын наймааны “золиос” болсон хэмээн ярьж байв.

2009 оны хоёрдугаар сард тэр гэрийн хорионоос суллагдсан ч төрийн тусгай харуул хамгаалалтын дор амьдрах болжээ.

Пакистаны ерөнхий сайд Имран Хан твиттер хуудсандаа “Тэр бол улс орноо цөмийн зэвсэгтэй болгох гавьяа байгуулсан хүн. Пакистаны ард түмний хувьд тэр үндэсний баатар юм” гэж бичсэн байна.

Кадир Хантай хамт ажиллаж байсан эрдэмтэн Самар Мубаракманд “Пакистаныг ийм чадвартай гэдгийг тухайн үед өрнөдийнхөн огт төсөөлөөгүй байсан. Гэвч эцэстээ тэд доктор Хан улс орноо цөмийн зэвсэгтэй болгосныг хүлээн зөвшөөрсөн юм” хэмээн ярьжээ.

 

Эх сурвалж: Associated Press