Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Санал хураалт дуусахад хоёр цаг үлдсэн ч сонгогчдын ирц хангалтгүй байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.

Өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны 07:00 цагт эхэлсэн санал хураалт 22:00 цагт дуусгавар болно. 

Гэвч санал хураалт дуусахад хоёрхон цаг үлдээд байгаа энэ үед сонгогчдын ирц хангалтгүй байгааг СЕХ-ны санал хураалтын явцыг харуулсан цахим хуудсаас харж болохоор байна. 

Тодруулбал, 20:00 цагийн байдлаар  Хэнтий аймгийн сонгогчдын ирц 31.26 хувьтай байгаа бол Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын ирц 33.76 хувьтай байна. 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгогчдын ирц 50 хувьд хүрээгүй тохиолдолд нэмэлт санал хураалт явуулдаг. Ингэхдээ 50 хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэл санал хураалт явуулж, эхний санал хураалтад оролцоогүй сонгогчдоор санал өгүүлэх юм байна. 

Ийнхүү нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц болон саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцох ажээ. 

Мөн нэмэлт санал хураалтын хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглохоор хуульд заажээ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд:

  • 78.2.Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна.
  • 78.3.Нэмэлт санал хураалтад санал нь тэнцсэн нэр дэвшигчдийг оруулах бөгөөд эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдыг нэмэлт санал хураалтад оролцуулна.
  • 78.4.Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно.
  • 78.5.Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.
  • 78.6.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах бөгөөд шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор зохион байгуулж явуулна.