Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

И.К.Азизов: Модны суулгац шаардлагатай бол ОХУ туслахад бэлэн

Б.Оюунчимэг, iKon.mn
2021 оны 10 сарын 10
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн өнөөдөр "Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн"-нд үргэлжиллээ. 

Өнөөдрийн хувьд уг цэцэрлэгт хүрээлэнд моносны 130 болон улиас, нарс, шар, цагаан боролзгоно, голт бор  модны суулгацыг тарьж буйг тус дүүргийн цэцэрлэгжүүлэлтийн албаны ерөнхий инженер М.Отгонсүрэн хэлж байв.

Мод тарьж, ургуулах ажилд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны яам, гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд, шашны байгууллагын төлөөллүүд болон бусад байгууллагынхан оролцсон юм.

Монос нь мойл шиг жимсээ өгдөг мод. 2-3 жил арчилж, ургуулж байж зөв ургаж байна гэж үздэг аж.  

"Ойгоос мод тайрч, тасдаж Улаанбаатарт авчраад тарихыг мод тарих гэж хэлэхгүй"

Энэ үеэр "Бид мод тарьж, ургуулна гэж ярих ёстой. Ойгоос мод тайрч, тасдаж Улаанбаатарт авчраад тарихыг мод тарих гэж хэлэхгүй. Бид өөрсдөө тарьж, арчилж, ургуулж байж үр дүнд хүрнэ" гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов.

Хөрш хоёр орны Элчин сайд нарын "Тэрбум мод" хөдөлгөөнд нэгдэж байгаа сэтгэгдлийг нь сонслоо.

"Мод тарихаас гадна тарьсан модоо арчлах нь чухал"

Гэрэл зургийг mpa.mn

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов "Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ассамблейн 76 дугаар чуулганд тэрбум мод тарих санаачилгыг гаргасан. Энэ нь дэлхийг хамарсан цөлжилтийн эсрэг чухал санаачилга.

Энэ том зорилтыг хэрэгжүүлэхийн тулд жил бүр Дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хүртэл хувийг зарцуулна гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сая хэллээ. Энэ бол Монгол Улс төдийгүй бүс нутгийн хэмжээнд байгаль орчныг хамгаалахад чухал хувь нэмэр болно. Бид энэ санаачилгыг бүрэн дэмжиж байгаа, хамтран ажиллахад бэлэн. 

Тэрбум мод тарина гэдэг бол том ажил. Модны суулгац шаардлагатай бол ОХУ туслахад бэлэн байна. Мод тарихаас гадна тарьсан модоо арчлах нь чухал" хэмээн хэллээ.

"20, 30 жилийн дараа энэ тал дээр ногоорно, Монгол Улсын ирээдүй ч энэ тарьсан мод шиг цэцэглэнэ"

Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй "Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс тэрбум мод тарьж ургуулах тухай зарласныг бид өндөр үнэлж байна.

Эх дэлхий, Монгол Улсын ирээдүй, хойч үеийн төлөө ийм санаачилга гаргасан гэж ойлгосон.

Хоёр улсын төрийн тэргүүн байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байгаа.

20, 30 жилийн дараа энэ тал дээр ногоорно, Монгол Улсын ирээдүй ч энэ тарьсан мод шиг цэцэглэнэ" гэв.

"Нэг ч гэсэн мод тарьж, далайд дусал нэмэр болж буйдаа сэтгэл өндөр байна"

Гэрэл зургийг mpa.mn

Гавьяат тамирчин, паралимпын аварга Э.Содномпилжээ "Тэрбум мод хөдөлгөөнд нэгдэж нэг ч гэсэн мод тарьж далайд дусал нэмэр болж буйдаа сэтгэл өндөр байна. Хүн байгаль дэлхийгээс хамааралтай. Ялангуяа манай улсад модны нөөц хомс байдаг учраас мод тариад, аян өрнүүлж байгаа нь цаг үеэ олсон асуудал гэж ойлгож байна" гэв.

"Тарьсан модоо гүний худгаас машинаар ус зөөж усална"

Налайх дүүргийн цэцэрлэгжүүлэлтийн албаны ерөнхий инженер М.Отгонсүрэн "Өнөөдөр шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнгийн доод хэсэгт 130 монос мод тарихаар шашны болон бусад байгууллагынхан энэ хэсэгт ирсэн байна. Харин дээд хэсэгт яамныхан гээд бусад байгууллагынхан улиас, нарс, шар, цагаан боролзгоно, голт бор  модны суулгацыг тарьж байна. Монос мод нь цэцэгт овогтных бөгөөд жимсээ өгдөг. 2-3 жил маш сайн арчилж байж нэгээс хоёр метрийн өндөртэй ургуулснаар зөв ургаж байгааг тодорхойлдог. 

Манай цэцэрлэгт хүрээлэн гүний хоёр худагтай. Эдгээр тарьсан модоо гүний худгаас машинаар ус зөөж усална.Усалгааг долоо хоногт хоёр удаа хийдэг

Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд "Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн"-д 28 байршилд мод суулгахаар төлөвлөөд энэ долоо хоногт 16 байршилд нь 7-8 төрлийн 5,000 орчим тооны мод, сөөг суулгаад байна.

Налайх дүүргийн хувьд энэ жил хашаандаа мод тарих хүсэлтэй айл, өрхүүдтэй хамтран 77 айлд нарс, буйлс суулгаж өглөө.

Цаг агаарын байдлаас шалтгаалаад мод тарих ажил ихэвчлэн аравдугаар сарын 15-наас зогсдог" хэмээн тайлбарлалаа.

Ийнхүү Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллага, Нийслэлийн Түргэн тусламжийн газар, “Токио-2020” олимпын наадмын медальтан болон шагналт байр эзэлсэн тамирчид, шашны байгууллагын төлөөлөл “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, мод тарилаа.