Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

СЕХ: Одоогийн байдлаар санал хураалтын үйл ажиллагаатай холбоотой гомдол, мэдээлэл ирээгүй байна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалтын явцын талаар мэдээлэл хийлээ.

СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн "Нөхөн сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа үргэлжилж байна. Энэ удаагийн сонгууль цар тахлын халдвар тархсан амаргүй нөхцөл байдалд болж байна. Мөн өчигдөр Хэнтий аймагт цастай, шуургатай цаг агаарын амаргүй нөхцөл байдалтай байсан. Үүний улмаас Хэнтий аймгийн дөрвөн суманд цахилгаан тасарсан.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Өчигдөр буюу аравдугаар сарын 9-нд зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа явагдсан. Хэнтий аймагт 178 чиглэлд зөөврийн хайрцгаар сонгогчдоос санал авсан бол Сонгинохайрхан дүүрэгт 114 чиглэлд зөөврийн хайрцгаар санал авах үйл ажиллагааг зохион байгуулсан.

Зөөврийн хайрцгаар санал авах үед тухай сонгогч тусгаарлалтын байрнаасаа гарсан, хаяг дээрээ байхгүй зэрэг нөхцөл байдал үүсэж байсан.

Өнөөдрийн 12:00 цагийн байдлаар 18 дугаар тойргийн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 5,575 сонгогч буюу 10.1 хувь нь саналаа өгөөд байна. Харин 28 дугаар тойргийн 14,857 сонгогч буюу 13 хувь нь саналаа өгсөн байна.

Бүх хэсгүүд дээр санал авах ажиллагаа хэвийн зохион байгуулагдаж байна" гэлээ. 

СЕХ-ны Хууль эрх зүйн газрын дарга Д.Бат-Эрдэнэ: Иргэд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн үү үгүй юу, хаяг дээр нь өөр сонгогч байна уу үгүй юу гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудсаас шалгаад, нягтлах асуудал гарвал цахим хуудсаар нь тухайн байгууллагад хандах боломжтой. Мөн хэсгийн хороодод ажиллаж байгаа бүртгэлийн ажилтанд хандана.

 
Гэрэл зургийг Mpa.mn

ЦЕГ-аас авсан мэдээллээр сонгуулийн сурталчилгааны 21 хоногийн хугацаанд Сонгуулийн тухай хууль, тогтоомж зөрчсөн тухай 46 гомдол мэдээллийг хүлээн авсан байна. Гомдлын ихэнх нь зурагт самбар эвдэлсэн, гэмтээсэн, алга болсон гэдэг зөрчлийн мэдээллүүд байгаа юм байна.

Одоогийн байдлаар СЕХ-нд санал хураалттай холбоотой гомдол, мэдээлэл ирээгүй байна" гэдэг мэдээлэл өглөө.