Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 3,000 мод тарина

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
ulaanbaatar.mn

Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд намрын мод тарих өдрүүдийг аравдугаар сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд нийт 3,000 мод тарих бөгөөд өнөөдөр Нийслэлийн Татварын алба болон Татварын Ерөнхий Газрын хамт олон оролцож, нийтдээ 500 мод тарьж суулгажээ. 

Мөн цагдаагийн алба хаагчид, Ерөнхий боловсролын зарим сургуулийн багш ажилтнууд, Боловсролын их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн багш, оюутнууд, МОНЦАМЭ агентлагийнхан  хамт олноороо оролцсоны сацуу иргэд сайн дураараа, найз нөхөд, гэр бүлээрээ мод тарихаар ирсэн байлаа. Нийт 70 гаруй аж ахуй нэгж байгууллага, 50 гаруй гэр бүл 3,000 мод тарихад хувь нэмрээ оруулж байна.

Мод тарих үеэр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийт ажилчдын 80 хувь нь салбартаа мэргэшсэн албан хаагчид. Бид моддоо жилийн дөрвөн улиралд арчилдаг. Тухайлбал дөрөвдүгээр сараас арван нэгдүгээр сар дуустал бүх мод сөөгөө усалдаг,  жилд хоёр удаа бордож, хортон шавьжтай тэмцдэг.  Мөн жилд хоёр удаа  хэлбэржүүлэх, залуужуулах огтлолт, таналт, шуулт хийдэг. Мөн “Хөрс сайн байна гэдэг өөрөө төлөвлөлттэй,цэгээ сайн хатгаад , нүхээ зөв ухаад, чанартай сайн суулгац суулгана гэдэг энэ мод амжилттай ургахын хамгийн гол эх үндэс юм” гэдгийг онцолж байлаа.

 
ulaanbaatar.mn

Мод тарьж суулгах нь нэг хувийн ажил бол арчилгаа тордолгоо нь 99 хувийн хөдөлмөр шаарддаг ажээ.

Тиймээс хавар, намрын улиралдаа очоод тарьсан модныхоо тогоог цэвэрлээд, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч тарьсан моддоо арчлахыг Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчид иргэдэд уриалав.

Тус цэцэрлэгт хүрээлэнд нийтдээ 142 мянган мод, бут, сөөг бүртгэлтэйгээс 98.5 хувь ургаж, төлжжээ.

Иргэд хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө 100 болон түүнээс дээш тооны мод таривал төгөл байгуулах эрх өгдөг ажээ. Мод тарих аян өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ.

 
ulaanbaatar.mn
 
ulaanbaatar.mn
 
ulaanbaatar.mn

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс