Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Нобелийн энх тайвны шагналыг ОХУ, Филиппиний сэтгүүлч нар хүртлээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагийн орой энэ оны Нобелийн энх тайвны шагналыг хүртэх хүмүүсийн нэрсийг зарлажээ.

Энэ удаа Филиппиний сэтгүүлч Мариа Ресса, ОХУ-ын сэтгүүлч Дмитрий Муратов нар үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцсэн гавьяа зүтгэлээрээ Нобелийн шагнал хүртэхээр болсон байна.

АНУ-ын давхар иргэний харьяалалтай Ресса нь эрэн сурвалжлах сэтгүүлзүйн Rappler дижитал медиа компанийн үүсгэн байгуулагчдын нэг юм. Муратов нь Оросын хараат бус Новая Газета сонины үүсгэн байгуулагчдын нэг ажээ.

Тэд шагналын 10 сая швед кроныг ($1.15 сая) тэнцүү хувааж хүртэнэ.

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертег хүчтэй шүүмжлэгчдийн нэг, 58 настай Ресса шагналыг өөрт нь болон хамтрагчдад нь “тэмцлээ үргэлжлүүлэх их хүч, энерги өглөө” хэмээн Норвегийн хэвлэлд ярьжээ. 

59 настай Муратов шагналын мөнгөний талыг 2000 оноос хойш алагдсан зургаан сэтгүүлчийнхээ ар гэрийнхэнтэй хуваалцахаа мэдэгдсэн байна. Тэдний дотор алдартай эрэн сурвалжлах сэтгүүлч агсан Анна Политковская багтжээ.

Өнгөрсөн Пүрэв гарагт Политковскаягийн аллагын 15 жилийн ой тохиосон юм.

Хил Хязгааргүй Сэтгүүлчид байгууллагын гаргасан тайланд дэлхийн 180 улсын 73 хувьд нь хэвлэлийн эрх чөлөө “аюултай” болон “хүнд хэцүү” түвшинд, 27 хувьд нь “хэвийн” болон “сайн” түвшинд байгааг мэдээлсэн байдаг.

Энэ он гарсаар дэлхий даяар 24 сэтгүүлч алагдаж, 350 сэтгүүлч шоронд хоригдсон байна.

Нобелийн энх тайвны шагналыг өнгөрсөн онд НҮБ-ын Дэлхийн Хүнсний Хөтөлбөр өлсгөлөнтэй тэмцсэн амжилтаараа хүртсэн юм.

Эдийн засгийн салбарын Нобелийн шагналтныг Даваа гарагт зарласнаар энэ оны бүх шагналтнууд тодорч дуусна.

 

Эх сурвалж: AFP