Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Батсүрэн: Өвөрхангай аймгийн дөрвөн сумын мал сүргийг бүртгэлжүүлсэн. Цаашид төслийг улсын хэмжээнд хэрэгжүүлнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон бусад олон улсын байгууллага хамтран зохион байгуулж буй “Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх системийн өнөөгийн байдал сэдэвт” олон улсын семинар өчигдөр нээлтээ хийсэн билээ.

Нээлтийн үеэр “Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх AIRS систем”-ийг ХХААХҮЯ хүлээн авсан юм.

Харин өнөөдөр холбогдох албаныхан болон судлаачид уг системийг улсын хэмжээнд хэрхэн хэрэгжүүлэх тухай болон ач холбогдлынх нь талаар хэлэлцлээ. 

ХХААХҮЯ-ны Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн "Туршилтын төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн дөрвөн сумын мал сүргийг бүртгэн, нэгдсэн санд оруулсан. Цаашид улсын хэмжээнд мал сүргийг бүртгэж, мэдээллийн нэгдсэн санд оруулахаар ажиллаж байгаа. Үүний дагуу төслийн нэг жилийн хугацаагаар сунган, хөгжүүлж байна.

Улсын хэмжээнд мал сүргийг бүртгэснээр мал, малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхой болж, хэрэглэгчийн гар дээр чанар стандарын шаардлага хангасан бүтээгдэхүүн очсон эсэхийг хянах боломж бүрдэж байна. Мөн төрөөс урамшуулал олгохдоо уг санд бүртгэгдсэн малчны мэдээлэлд үндэслэх юм. Системийг хөгжүүлэх хүрээнд гар утасны аппликейшн бүтээсэн. Мөн хүний нөөцөө чадавхжуулсан бөгөөд ажилтнууд малчны хотод очоод гар утсаараа бүртгэлээ мэдээллийн санд илгээх боломжтой болсон" гэлээ.

Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэхдээ чихэнд нь чип бүхий ээмгийг зүүнэ. Энэ нь 12 оронтой кодтой байх ба эхний хоёр орон нь аймгийн, дараагийн хоёр орон нь сумын, түүний дараах хоёр орон нь багийн дугаарыг илтгэх бол үлдсэн зургаан орон нь тухайн малын дахин давтагдахгүй хувийн дугаар байх юм. 

Өвөрхангай аймгийн дөрвөн сумын 190 мянган малыг ялган тэмдэглэн, бүртгэж мэдээллийн санг бүрдүүлжээ

Энэхүү системийг бий болгох эхлэл нь 2012 онд тавигдсан байна. Тодруулбал, Монгол Улс 2012 оноос хойш мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх тогтолцоог бий болгох, малыг ээмэгжүүлж, бүртгэлжүүлэх ажлыг хэрэгжүүлж ирсэн.

Өнгөрсөн хугацаанд гурван сая гаруй малыг тус системд бүртгэж, холбогдох мэдээллийн санд хадгалжээ. Гэсэн хэдий ч манай улсын хагас нүүдлийн мал аж ахуйн тогтолцоонд малын бүртгэлийн системийг хэрхэн нэвтрүүлэх нь шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудал байсаар байгаа.

Тиймээс ХХААХҮЯ-наас холбогдох олон улсын байгууллагуудад хандаж, хамтран шийдэх санаачилгыг 2017-2018 онд хэрэгжүүлсний үр дүнд 2019 оноос ДХБ-ын Стандарт ба Худалдааны Хөгжлийн Байгууллагын санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас эрхлэн “Малыг Ялган тэмдэглэх, Бүртгэлжүүлэх Систем (МЯТБС)”-ийг сайжруулах туршилтын төслийг хэрэгжүүлж ирсэн юм.

Энэхүү туршилтын төсөл нь мал ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх үйл ажиллагааны холбогдох дүрэм, журмыг шинэчлэн сайжруулах, програм хангамж-системийг дахин хөгжүүлэх, улмаар Өвөрхангай аймгийн дөрвөн сумын 190 мянган малыг хамруулан ялган тэмдэглэх, бүртгэл хийж мэдээллийн санг бүрдүүлэх, стандарт үйл ажиллагааг газар дээр нь туршиж хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөмж гаргах, улсын хэмжээнд шаардлагатай бэлтгэл ажлыг хангах туршилтыг хэрэгжүүлж улмаар зөвлөмж гарган, системийг шинээр хөгжүүлж хүлээлгэн өгөх зорилготой хэрэгжсэн.

Тус төслийн хэрэгжилтийн хүрээнд 2019-2020 онд системийн програм хангамжийг шинэчлэн сайжруулж, хөдөө орон нутгийн нөхцөлд туршилтыг явуулж, холбогдох дүгнэлтийг гаргажээ.

Энэ ажлын хүрээнд Өвөрхангай Аймгийн Бат-Өлзий, Уянга, Гучин-Ус, Баянгол сумын малыг бүртгэлжүүлж, мэдээллийн нэгдсэн санд хадгалсан бөгөөд төслийн зөвлөх Францын Мал Аж Ахуйн Хүрээлэнгийн холбогдох мэргэжилтнүүдийн оролцоотойгоор “Малын генетик нөөцийн үндэсний мэдээллийн сан бүрдүүлэх журам” болон “Мал бүртгэх журам”-ыг шинэчлэн боловсруулж батлуулсан байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ