Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голыг автомашинтай гаталж явсан таван иргэний хоёр нь осолджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Баталгаагүй гүүр, гарц гарамгүй газраар автомашинтайгаа гол гатлахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Тодруулбал, энэ сарын 5-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Доргол гэдэг газар “Прадо-150” загварын автомашинтай таван иргэн загасчилж байгаад “Туул” голыг гатлах үедээ автомашин нь усанд сууж, хоёр хүн голд осолдсон тухай дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 05:40 цагт Орхон аймгийн харьяат иргэн 49 настай, эрэгтэйн цогцсыг осолдсон газраас зүүн хойд зүгт 1 км-т голын уснаас олж, Заамар сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Аравдугаар сарын 7-ны байдлаар усанд осолдсон хоёр дахь эрэгтэйг эрэн хайж, 70 км-т голын усаар завьтай урсаж, таван метрийн гүнд найман удаа шумбалт хийж, голын эрэг дагуу 25 километрт явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.

Өчигдөр 15:21 цагт тухайн иргэдийн унаж явсан “Прадо-150” загварын суудлын автомашиныг “Туул” голоос татан гаргасан бөгөөд өнөөдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

ЗӨВЛӨМЖ
  • Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр орхилгүй, гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны  орчимд тоглуулахгүй байх,
  • Амралт, аялал, зугаалгаар явахдаа усны ойролцоо амарч зугаалахгүй байх, нэгдсэн зохион байгуулалттай явах,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх,
  • Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх,
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр өөрийн болон гэр бүлийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалж, гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.