Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Сугар: "COVID-19-ийн вакцины нэмэлт тунг хийлгэвэл халдвар авч байна" гэх мэдээлэл ор үндэсгүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Онцгой комиссоос цаг үеийн асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

"COVID-19-ийн эсрэг вакцины нэмэлт тунг тариулсан иргэдийн 1% орчим нь л халдвар авсан"

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Нийслэлийн иргэдийн 70 гаруй хувь нь коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн. Харин гурав дахь тунг 10 гаруй хувь нь хийлгээд байна.

Вакцины гурав дахь тунг хийлгэсэн иргэдийн эзлэх хувь ийм бага байгаагийн шалтгаан нь "Гуравдугаар тун тариулсан иргэд халдвар авч байна" гэх олон нийтийн сүлжээнд тархсан ташаа мэдээлэлтэй холбоотой. Тухайн мэдээлэл нь ор үндэсгүй гэдгийг хэлье.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг тариулсан иргэдийн нэг орчим хувь нь л халдвар авсан байна.

Вакцин тариулснаар халдвар огт авахгүй гэсэн үг биш ч гэлээ амь насыг эрсдэлээс хамгаалах ач холбогдолтой. Тиймээс вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна” гэлээ.

"Халдварын идэвхжил өндөр байгаа үед вакцинд идэвхтэй хамрагдах нь чухал"

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Сүүлийн долоо хоногт буюу есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 3-нд нийслэлд 1,220 хүн нэмэлт тунгийн дархлаажуулалтад хамрагдсан байгаа юм. Энэ нь дархлаажуулалтад хамрагдах иргэдийн идэвх сул байгааг харуулж байна.

Халдварын идэвхжил өндөр байгаа ийм үед вакциндаа идэвхтэй хамрагдах нь чухал. Дэлхий дахинд вакцин нь хүндрэл болон нас баралтаас сэргийлнэ гэдэг нь батлагдсан.

Иймд иргэд халдварын эрсдэлээс сэргийлж өөрт хамгийн ойр байрлах дархлаажуулалтын цэгт очиж нэмэлт тунг хийлгэх хэрэгтэй.

Коронавирусийн халдварын зэрэгцээ томуугийн улирал эхэлж байна. Энэ жил улирлын томуугийн вакцинжуулалтыг есдүгээр сард эхлүүлсэн бөгөөд зорилтод бүлгийн иргэд болон 2-11 насны хүүхдүүдэд хийсэн. Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт 89.7-94.4 хувьтай байгаа.

Тодруулбал, жирэмсэн эмэгтэйчүүдийн 89.7 хувь, 2-11 насны хүүхдүүдийн 94.4 хувь улирлын томуугийн вакцинд хамрагдсан” хэмээн ярилаа.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/399236985242622