Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлфи зураг нь дэлхий даяар алдаршиж байсан горилла мич амьсгал хураажээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

2019 онд асран хамгаалагчийнхаа хамт авхуулсан сэлфи зураг нь дэлхий даяар тарж алдаршиж байсан горилла мич саяхан 14 насандаа өвчний улмаас амьсгал хураажээ.

Ндакаси нэртэй уг мичийг 2007 онд хоёрхон сартай байхад нь хулгайн анчдад алагдсан эхийнх нь дэргэдээс анх олж байсан юм.

Тухайн үед ширэнгээс олж аварсан байгаль хамгаалагч Андре Баумагийн гар дээр Ндасаки мич амьсгал хураасныг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Вирунга Үндэсний Дархан цаазат газрын захиргаа өчигдөр мэдээлжээ.

“Манай асрамжинд арав гаруй жил амьдарсан өнчин горилла амьсгал хураасныг дуулгахад харамсалтай байна. Ндасаки насан туршийнхаа дотны найз Андре Баумагийн гар дээр амьсгал хураалаа” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

“Би түүнийг хүүхэд шигээ хайрладаг байсан. Түүний хөгжилтэй зан чанар намайг үргэлж баясгадаг байлаа” гэж Ндасакигийн асран хамгаалагч Баума ярьжээ.

Ндасакиг аврах үед уулын горилла мичний тоо толгой хорогдож, мөхлийн ирмэгт хүрээд байсан юм. Конго улсын засгийн газар шат дараатай арга хэмжээ авсны үр дүнд сүүлийн арав гаруй жилийн дотор энэ амьтны тоо толгой 50 орчим хувиар нэмэгджээ.

 

Эх сурвалж: Business Insider