Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-д нэг өдрийн дотор Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо дээд цэгтээ хүрлээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн 24 цагийн дотор 929 хүн Covid-19 өвчний улмаас нас барсан тухай ОХУ-ын цар тахалтай тэмцэх төв Лхагва гарагт зарлажээ.

Энэ бол тус улсад цар тахал эхэлсэн цагаас хойш нэг өдрийн дотор хамгийн олон хүн нас барсан буюу анх удаа 900-аас дээш гарсан тохиолдол юм. Коронавирусийн халдвар аваад нас барсан хүний тоо нийтдээ 212,625 хүрсэн нь Европ тивдээ хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

ОХУ-д халдварын батлагдсан тохиолдол нийтдээ 7.5 сая давсан нь дэлхийд тавдугаарт орох муу үзүүлэлт юм.

Наймдугаар сараас хойш тус улсын хүн амын дунд коронавирусийн Дельта хувилбар хүчтэй тархсан нь өвчлөл, эндэгдлийг огцом нэмэгдүүлээд байна. Хэдийгээр коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлсэн ч хүн амын хамрагдах идэвх сул байгаа.

Хэд хэдэн судалгаагаар ОХУ-ын иргэдийн талаас дээш хувь вакцинжуулалтад хамрагдах төлөвлөгөөгүй байгаа нь харагджээ. Лхагва гарагийн байдлаар тус улсын иргэдийн 30 хүрэхгүй хувь нь вакцинжуулалтад хамрагдсан байна.

Нийслэл Москва хотод сүүлийн үед бүртгэгдэж байгаа бүх тохиолдлууд Дельта хувилбараар халдварласныг эрх баригчид мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP