Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баттөмөр: Шинэ эдийн засгийн загваруудыг Монголд нутагшуулах шаардлага байна

ikon.mn
2021 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

-XXI зууны эдийн засаг уламжлалт буюу бидний дасч сурсан ойлголтоос тэс ондоо байдлыг илэрхийлэх боллоо. Үндсэндээ шинэ нөхцөл байдал үүсэн бий болж, хуучин сэтгэлгээ, арга барилаар амьдарч болохгүй гэдгийг ухаарах шаардлага үүсч байна даа. Өнгөрсөн онд хэвлүүлсэн “Шинэ эдийн засаг” номондоо та энэ талаар бичсэн байсан санагдана.

-Тийм ээ, XXI зууны эдийн засгийн хөгжилд булчин шөрмөс, биеийн хүч чадал бус, оюун ухаан, мэдлэг чадвар илүү их үүрэг гүйцэтгэх боллоо. Өмнө нь хүний ажлын дадлага туршлага, ур чадвар чухал байсан бол одоо үүнийг дижитал технологи орлох болов.

Програм хангамж, аппликейшн, онлайн технологи, Uber, Airbnb, Legal Zoom болон TurboTax зэрэг хүний оролцоог багасгаж, хүч хөдөлмөрийг хэмнэсэн олон арга технологи нэвтэрч, цөөнгүй ажлын байрыг эзлэх боллоо. Онлайн дэлгүүрүүд жижиглэн худалдааны олон дэлгүүрийн хаалгыг бариулж байна. Жолоочгүй машинууд бий болж, такси, ачаа тээвэр, түргэн үйлчилгээний хүргэлтийн үүргийг орлон гүйцэтгэж эхлээд байна. Шуудан болон бараа илгээх ажлыг дроноор гүйцэтгэдэг боллоо. 

Монголчууд технологийн ололтын их давалгааг мэдэрч, шинэ эдийн засгийг бизнесийн загвар болгон ашиглаж, шинээр сэтгэх замаар орчин үеийн нөхцөлд дэлхий дахинтай өрсөлдөх боломжийг олж авах шаардлага үүсээд байна. Үүнд шинэ эдийн засаг, циркуляр буюу тойрог эдийн засаг, дижитал эдийн засаг, блокчейн, дижитал мөнгө буюу крипто валют, финтек, sharing economy буюу хуваалцах эдийн засаг, краудфандинг туслах болно. Шинэ эдийн засаг нь мэдлэг, ухаалаг үйлчилгээ, үйлдвэрлэлд суурилдаг.

-Шинэ эдийн засгийн загварууд үүссэн шалтгаан болон түүнийг нэвтрүүлэхийн ач холбогдлын талаар илүү тодорхой ярина уу?

-Шинэ эдийн засгийн загвар бүр өөрийн онцлогтой бөгөөд эдгээр нь байгаль орчны бохирдлыг бууруулах, байгалийн нөхөн сэргээгдэхгүй баялгийг хэт их олборлохоос сэргийлэхийн тулд дэлхийн хэмжээнд эдийн засаг, санхүүгийн зах зээлд хувьсгалт маягийн өөрчлөлтийг хийх тогтвортой хөгжлийн шаардлагаас үүдэлтэй. Үндсэндээ баяжихын төлөөх эрүүл бус тэмцэл эргээд эх дэлхийгээ сөнөөхөд хүргэж болохыг хожуу ч ухаарсан гэсэн үг. Хичнээн их баяжсан ч цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсансүйрэл болоход хураасан баялаг хамт шатаж үгүй болно гэдэг нь ойлгомжтой болж байна. 

Дэлхийн эдийн засагт жил бүр 125 их наяд долларыг байгалиас авч оруулж байна.Манай эдийн засаг ч гэсэн уул уурхайгаас хамааралтай. Газрын хэвлий дэх баялаг бус, бидний толгой доторхи баялаг биднийг урагшлуулж чадна гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Үүний тулд шинэ эдийн засгийн загваруудыг Монголд нутагшуулах шаардлагатай. 

Дэлхийн олон оронд дижитал технологи, интернетийн хөгжилд гарсан хувьсгалтай нягт уялдаа холбоотой салбарууд болон компаниудаас бүрдсэн шинэ эдийн засаг үүсч хөгжиж байна. Шинэ эдийн засаг хүн бүрт тэгш хүртээмжтэй үйлчилгээ авах боломжийг олгоно. Шинэ эдийн засаг нь оюуны капиталыг хөгжүүлж, үйлдвэрлэлийн үндсэн хүчин зүйлстэй холбосноор өмнөх эдийн засгаас эрс ялгардаг. 

Шинэ эдийн засгийн үндсэн салбарууд нь материаллаг бус, хүний оюун ухаанаар бүтсэн капитал, бүтээгдэхүүн болон мэдээлэл харилцааны технологи, шинжлэх ухаан, оюуны үйлчилгээ юм. Юуны өмнө хүний оюуны капитал, мэдээллийн технологийг тэргүүлэх ач холбогдолтойд тооцно. Түүхий эдийн нөөцөөс хамааралбагатай байж, хүмүүс оюун ухааныхаа хүчээр асар их ашиг орлого олох боломжтой. Хоёрдугаарт, зах зээл үргэлж хувьсан өөрчлөгдөж, шинэ тоглогчид, илүү боловсронгуй технологи, бүтээгдэхүүн гарч ирж хуучныг хална. Австрийн нэрт эдийн засагч Й. Шумпетер үүнийг “бүтээгч устгал” гэж нэрлэсэн байдаг. Гуравдугаарт, ажилд хандах, бизнесээ удирдах шинэ хандлага байнга үүсч, бизнесээ амжилттай хөтлөхийн тулд илүү уян хатан байж, шинэ арга барил, инновацийг хөгжүүлэх шаардлагатай болдог.

Дөрөвдүгээрт, бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр нь буюу масст зориулан үйлдвэрлэхээс илүү хэрэглэгч бүрийн хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэх явдал харьцангуй өргөжнө. 

Тавдугаарт, шинжлэх ухааны нээлт, шинэ бүтээл эдийн засгийн салбаруудыг хөдөлгөх хүч болж, эрдэмтэд, зохион бүтээгчид, дизайнер болон уян хатан, хөрвөх чадвартай бизнес эрхлэгчид, компаниуд шинэ эдийн засгийн системийн голлох тоглогчид болно. Шинжлэх ухааны ололт шууд үйлдвэрлэлд нэвтэрч, шинэ санаа, бүтээл, хийц, загвар зохион бүтээгчид, эрдэмтдийн ашиг орлого өснө.

Зургадугаарт, дэлхийг хамарсан интернетийн сүлжээний эдийн засаг зонхилж, зах зээл, хэрэглэгч, нийлүүлэгч, үйлдвэрлэгч, борлуулагч нарын харилцаа холбоо улам ойртож, мэдээлэл, харилцаа холбооны технологийг хэр үр дүнтэй ашиглаж чадахаас хувь хүмүүс, компанийн төдийгүй улс орнуудын өрсөлдөх чадвар хамаарна. 

Долдугаарт, хамтын хөрөнгө оруулалт идэвхжиж, инновацийн төсөлд оруулсан хөрөнгө хэд дахин асар их ашигтай байна. Инноваци эдийн засгийн өсөлтийг хангах үндсэн хүчин зүйл болж, шинжлэх ухаан эдийн засгийн хэрэгцээг хангахад бүрэн зориулагдаж, бизнесийн салбар өөртөө хэрэгтэй шинжлэх ухааны судалгаа, шинжилгээг санхүүжүүлж, үр дүнг нь бизнесээ өргөжүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд ашиглана. Шинэ нээлт, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход хамтарсан хөрөнгө оруулалт дэм үзүүлж, шинжлэх ухааны ололтын эдийн засгийн өгөөж нэмэгдэнэ. 

Монгол Улсын хувьд шинэ эдийн засагт эрчимтэй шилжиж, аж үйлдвэрээс илүү ашгийг өгөх оюуны капиталыг үйлдвэрлэх, мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрх зүйн үндсийг бүрдүүлэх, гарааны компаниудад дутагдаж буй бизнесийн орчин, санхүүгийн эх үүсвэрийг бий болгох, мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэд бүтцийг сайжруулах, мэдээллээс мэдлэг, оюуны капитал үйлдвэрлэх боломжийг нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй байгаа юм. 

-Шинэ эдийн засгийн бүрэлдэхүүн хэсгүүд дотор Тойрог эдийн засаг (Circu­lar economy) онцгой байр суурь эзэлдэг. Үүний ач холбогдол болон Монголд нутагшуулахад анхаарах асуудлын талаар ярина уу? 

-Тойрог эдийн засгийн концепцийг анх Британийн эдийн засагч Дэвид Пирс, Керри Тернер нар боловсруулсан түүхтэй. Дэлхийн нөөц хүний хэрэгцээг хангаж чадахаа больж байна. Энэ хурдаараа явбал 2050 онд дэлхийн бүх баялгийг ашиглаад дуусах тооцоо гараад байна. 

Уламжлалт эдийн засаг байгаль орчныг дуусашгүй арвин сан мэт үзэж, авч хэрэглээд хаяад байхаас дахин ашиглах, боловсруулах боломжийг орхигдуулж ирсэн бол тойрогэдийн засаг шугаман бус, цагариг маягаар материалыг дахин дахин боловсруулж, бүрэн дүүрэн ашиглахад анхаардаг. 

Бараа бүтээгдэхүүний ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх, ашиглахаа больсон зүйлсийг буцаан худалдан авах систем нэвтрүүлэх, эдэлж хэрэглэж байсан зүйлсийг дахин борлуулах, худалдааг нэмэгдүүлэх, загвар хийцийг нь бага зэрэг өөрчлөөд өөр зориулалтаар ашиглах зэрэг нь тойрог эдийн засгийн нэг хэсэг нь юм. 

Хог хаягдлыг бүрэн дахин боловсруулахаас энэ эдийн засаг руу шилжих ажил эхэлнэ. Хог хаягдлыг багасгах үндсэн арга нь бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ хог болохоор нь яаж ашиглаж болох вэ гэдэг дээр үндэслэн загвар хийцийг нь гаргаж үйлдвэрлэнэ. 

Үндсэндээ хог хаягдал гарахааргүй байдлаар буюу задлаад өөр зүйлд ашиглахаар үйлдвэрлэхийн тулд үйлдвэрлэлийн дизайн, хийц, загварыг бүхэлд өөрчлөх хэрэг гарна. Үйлдвэрлэсэн зүйл хэд хэдэн байдлаар ашиглагдахаар хийгдэнэ. 

Түүнчлэн бараа нийлүүлэлтийн сүлжээнд олон компаниуд хамтран ажиллаж, дахин дахин нэмүү өртөг үйлдвэрлэж болно. Бизнесийн хувьд хамтран ажиллаж, ашиг орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж бүрдэнэ. Үүнийг Монголд нутагшуулахын тулд Засгийн газар бизнесийн хүрээнийхний аливаа санал санаачлагыг дэмжин ажиллаж, тал бүрийн урамшуулал, дэмжлэг, хөнгөлөлтийг үзүүлэх шаардлагатай. Тойрог эдийн засагт шилжсэнээр бараа материалыг дахин дахин ашиглаж, ямар ч хог хаягдал үлдэхгүй байх бөгөөд үйлдвэрлэлийн хаягдалгүй технологи нэвтэрч, орчны бохирдлын асуудлыг давхар шийдээд өгч байна. 

Энэ загварыг нэвтрүүлэхийн тулд бодлогын түвшинд нарийн бодож боловсруулж, тойрог эдийн засгийг хөгжүүлэх стратегийг тодорхойлж, үйлдвэрлэгч, хэрэглэгчийг энэ талаар мэдлэгтэй болгож, юуны өмнө эдийн засгийн ач холбогдлыг ойлгуулах шаардлагатай. 

Тойрог эдийн засаг хүн төрөлхтөнд илүү хэмнэлттэй, ашигтай, зөв, арвич хямгач амьдралын хэмнэлийг зааж өгч, хог хаягдлыг хэрхэн боловсруулж, хэрэгтэй зүйлс болгох, дахин дахин ашиглах, байгалийн баялгийг хэрхэн үр ашигтай зарцуулах, бизнест хэрхэн дахин дахин нэмүү өртөг бий болгоход сургана. 

Жишээ дурдахад, Star­bucks компани кофены үлдэгдэл шаар, хаягдлыг дахин боловсруулж, төрөл бүрийн бүтээгдэхүүн, био хуванцар болон эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.Timberland компани хуучин дугуйг дахин боловсруулж, гутлын ул хийж эхлээд байна. 

Герман улс хог хаягдлыг дахин боловсруулах хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж, хог хаягдлын 56.1 хувийг, Австри улсад 53.8 хувийг, Швейцари улсад 49.7 хувийг дахин боловсруулж байна. Walmart компани хүнсний бүтээгдэхүүн хандивлах хөтөлбөрийг хэрэгжүүлж, дэлгүүрүүдэд зарагдаагүй үлдсэн хүнсийг цуглуулах төвүүд ажиллуулж, ядуус, орон гэргүйчүүд, өлсгөлөн хүмүүст хүргэж байна. Тойрог эдийн засгийг нутагшуулахад том компаниуд, томоохон хотууд чухал үүрэгтэй. 

Усыг дахин ашиглах нь манай улсын хувьд тулгамдсан асуудал юм. Ирээдүйд дайн усны хомсдолоос үүснэ гэж ярьдаг нь оргүй зүйл биш юм. Хүн төрөлхтөний усны хэрэглээ 1950 оныхтой харьцуулахад гурав дахин өсөөд байна.

Тойрог эдийн засагт шилжихэд усны ашиглалтыг нэн тэргүүнд сайжруулах, ус цуглуулах боломжит эх үүсвэр бүрийг ашиглах, хиймэл нуур цөөрөм, усан сан бий болгох замаар бэлчээр болон тариалангийн талбайн усжуулалтын асуудлыг шийдвэрлэх, саарал усыг дахин ашиглах, гадагш урсан гарч буй усны нөөцийг дотооддоо үлдээх арга, шийдлийг олох хэрэгтэй байна.

Израйль улс цөлд, бараг бороо ордоггүй хуурай газарт усны илүүдлээрээ гайхуулж байна. Тэнд хаягдал усны 85-90 хувийг эргэн ашигладаг байна. Саудын Араб саяхан хаягдал усныхаа 65 хувийг эргэж ашиглах болсон тухайгаа зарласан байна.Сингапур гэхэд огт цэвэр усны нөөцгүй бөгөөд ундныхаа усыг 100 хувь Малайзаас тусгай хоолойгоор татаж хэрэглэдэг. Энд хаягдал усны 30 хувийг дахин ашигладаг. 

-Шинэ эдийн засгийн хүрээнд дижитал эдийн засаг томоохон байр суурь эзлэх нь лавтай. Дижитал эдийн засгийг нутагшуулах, дижитал шилжилт хийхийн ач холбогдлыг дурдана уу.

-Дижитал эдийн засаг нь програм хангамжийг бүтээж, худалдан борлуулахаас эхлээд цахим бизнес, цахим худалдаагаар дамжуулан цахим бараа, үйлчилгээг цахим буюу дижитал мөнгөөр худалдаж, хүргэхтэй холбоотой бүх үйл ажиллагааг хамаарна. Үүнд төрийн оролцоо, зохицуулалт чухал үүрэгтэй. Дижитал эдийн засаг гэдэг бол мэдээлэл, харилцааны холбооны технологид суурилсан, дэлхийг хамарсан эдийн засгийн сүлжээ юм. Энгийнээр хэлбэл, дижитал технологид суурилсан эдийн засаг гэж ойлгож болно. 

Дижитал ертөнц тэр чигээрээ үйлдвэрлэх хүч болж хувирч байна. Бодит ертөнцөд хийж болох бүгдийг дижитал ертөнцөд хийж болж байна. Ингэснээр бидний дасч сурсан зах зээлийн эдийн засгийн загвар, нэмүү өртөг үүсэх загвар орвонгоороо өөрчлөгдөж, эдийн засгийн салбарын бүх түвшинд зуучлагчийн үүрэг роль улам бүр багасна. 

Дижитал эдийн засгийн хэмжээ өнөөдөр гурван их наяд доллартай тэнцэж байна. Энэ нь Америкийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 500 томоохон компаниудын хөрөнгийн 30 орчим хувьтай тэнцэх бөгөөд энэ их хөрөнгийг Интернетийг ашиглаж эхэлснээс хойшхи хугацаанд бий болгожээ. 

Эдийн засгийг технологийн хүчээр огт өөр үр өгөөжтэй эдийн засаг болгож хувиргах боломж байна. Газар доорх баялгаас илүү дижитал баялаг үйлдвэрлэж, үр өгөөжийг нь хүртэх боломж XXIзууны монголчуудад нээгдээд байна. Дижитал шилжилтийг хичнээн хурдан хийж чадна, тэр чинээгээр улс орон үсрэнгүй хөгжих ирээдүй харагдаж байна. Дижитал шилжилт хийгдсэний үр дүнд бий болсон эдийн засаг бизнесийн үйл ажиллагаа, дата, технологи, тогтолцоог бүхэлд нь дижитал эдийн засаг гэж ойлгох хэрэгтэй. 

Эдийн засгийг технологийн хүчээр огт өөр үр өгөөжтэй болгож хувиргах ёстой юм. Дижитал эдийн засгаас үр ашиг хүртэхийн тулд уламжлалт аргаасаа шал өөрөөр ажиллах шаардлага бидний өмнө тулгарч байна. 

Интернет, үүлэн тооцоолол, их хэмжээний өгөгдөл буюу дата, финтек болон бусад дижитал технологиудыг мэдээллийг дижитал хэлбэрээр цуглуулах, хадгалах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, бусадтай хуваалцах, нийгмийн харилцааг өөрчлөхөд ашигладаг. Дижитал технологи нь инновацийг хөхүүлэн дэмжиж, ажлын байруудыг олноор нь бий болгож, эдийн засгийн өсөлтийг өдөөдөг тул эдийн засгийг дижитал болгох нь илүү их ашиг орлого, үр дүнг бий болгодог. 

Улс орон бүр интернетэд суурилсан хөгжлөөс дата буюу өгөгдөлд суурилсан хөгжил рүү шилжиж байна. Энэхүү дижитал шилжилтийн үр дүнд дижитал эдийн засаг, дижитал нийгэм бүрдэж байна.Хиймэл хүн (robot) эдүгээ өөрөө боддог, сурдаг, шийдвэр гаргадаг болж хиймэл оюун ухаан (AI буюу Artificial intelligence) хүний хөдөлмөр, үйлдлийг орлож ажиллах боллоо. Интернеттэй холбоотой бүх хэрэгслүүд хоорондоо харилцаж (IOT буюу Internet of Things) хүний ажиллах, амьдрах орчныг уламтав тухтай болгож, хөдөлмөрийн бүтээмжийг урьд өмнө үзэгдээгүй хэмжээгээр нэмэгдүүлж байна.

Дэлхийн хамгийн том такси үйлчилгээний компани таксигүй (UBER), хамгийн том зочид буудлын сүлжээ буудалгүй (Airbnb), олон нийтийн хамгийн том мэдээллийн хэрэгсэл контентгүй (Facebook), хамгийнтомкинотеатрөөрийн гэсэн кино театргүй (Netf­lix), хамгийн том жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүргүй (Alibaba) байна. 

Дижитал эдийн засгийг хөгжүүлж, ашиг орлого олох, дижитал платформыг хөгжүүлэх талаар одоохондоо АНУ, Хятад улс тэргүүлэх байр суурийг эзлээд байна. Энэ хоёр улсад блокчейн технологитой холбоотой бүх патентын 75 хувь, IoT-ийн дэлхийн хэмжээний зардлын 50 хувь, үүлэн тооцооллын дэлхийн зах зээлийн 75 гаруй хувь ногдож байгаа бөгөөд дэлхийн 70 том дижитал платформын зах зээлийн үнэлгээний 90 хувийг эзэмшиж байна. Энд Европын эзлэх хувь ердөө 4 бол Африк, Латин Америк нийлээд 1 хувь байна. Өнөө үед мэдээлэл, харилцаа холбооны технологи, өндөр технологийн суурь бүтэц, дэд байгууламж, нэг хүнд ногдох нийтийг хамарсан өндөр хурдны интернетийн сүлжээ, эдийн засгийн голлох бүтцүүдийн хоорондох интеграцчилал, инновацийг нэвтрүүлсэн байдал улс орны хөгжлийн гол хэмжүүр болов.

Дижитал эдийн засгийг хөгжүүлэхийн тулд Засгийн газар уян хатан, шуурхай хандах ёстой бөгөөд Засгийн газар илүү үр ашигтай ажиллаж, иргэдийн оролцоог сайтар хангаж, тэдний төлөө зөв шийдвэр гаргахад анхаарах ёстой. 

Асар их мэдээлэл нээлттэй болсноор бизнесийн загварыг өөрчилж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болоход нөлөөлж, менежментийн шинэ соёлыг бий болгож байгаад бид дасан зохицох хэрэгтэй болж байгаа юм.

-Хуваалцах эдийн засаг (Sharing economy) бол шинэ эдийн засгийн нэг загвар бөгөөд дэлхийд улам бүр хүрээгээ тэлсээр байна. Хүмүүс өөртөө байгаа зүйлээ бусадтай хуваалцан амьдарч, тодорхой ашиг олж, энэ нь өдөр тутмын амьдралын хэм хэмнэл болсоор байна. Үүнийг Монголд нутагшуулах боломж хэр бол?

-Аливаа зүйлсийг бусадтай хуваалцах, солилцох, сольж ашиглах, хамтран худалдан авах, хамтран ашиглах, хэрэглэх, хамтран өмчлөх, хамтран бүтээх, хамтран хийх, үйлдвэрлэх, дахин хуваарилах, ашигласан зүйлсийг худалдах, түрээслэх, түр ашиглуулах зэрэг нь хуваалцах эдийн засгийн үндсэн үйл ажиллагаа юм. Санфранциско хотод төвтэй Airbnb компани Хуваалцах эдийн засгийн загварыг ашиглан 192 орны 34 мянган хотод байгаа 250 мянган байрыг санал болгож, өдөрт олон мянган хүнд үйлчилдэг. 

Хүмүүсийг хооронд холбосон сүлжээний системийн хүрээнд компаниуд онлайн платформ ажиллуулж, бусдад хэрэгтэй ямар нэг юм (орон сууц, машин, майхан, сул өрөө, унадаг дугуй гэх мэт)-тай хүнийг яг тэр зүйл хэрэгтэй байгаа хүнтэй нь холбож өгч байна. Онлайн системд суурилсан энэ үйлчилгээ дэлхийн хаана хэнийд чамд хэрэгтэй зүйл байгааг хэлж өгч, интернетээр харж сонголт хийх боломж олгодог, зөвхөн ашигласны хөлсөө төлнө гэдгээрээ л онцлогтой. Судалгаанаас үзэхэд хувийн автомашин ашиглалтын хугацааныхаа 60, 70 орчим хувийг сул зогсож өнгөрөөдөг байна. Аливаа зүйлсийг хувааж хэрэглэж ашигласнаар эдийн засгийн асар их ашиг олох ба зочид буудлуудын үнийг тухайлбал 30-60 хувь бууруулж болох юм байна. 

Бусадтай хуваалцаж болох зүйлсийг онлайнаар зарласнаар харилцан итгэлцсэн хэрэглэгчдийн бүлэг үүснэ. Энэ төрлийн бизнес эрхэлдэг компаниуд хэрэглэгчдийг хооронд нь холбож, ямар нэг асуудал гаргахгүй байхаар бүхнийг зохион байгуулна. Сингапурт 2014 онд хуваалцах эдийн засгийн холбоо (Sharing Economy Association) үүссэн байна. Гол зорилго нь агаарын бохирдлоос сэргийлэх бөгөөд машины түрээсийн үйлчилгээ болон нөөц бололцоогоо хувааж ашиглах, офис, орон сууцыг түрээслэх чиглэлээр ажиллаж байна. 

Монголд энэ төрлийн бизнес эрхлэх, ашиглаагүй өмч хөрөнгөө бусдад түр ашиглуулж, ашиг орлоготой болох түмэн боломж байна. Жишээлбэл, жилд ганц хоёр удаа удаа хэрэглэдэг зүйлсийг худалдан авах ямар ч шаардлагагүй. Шаардлагатай тохиолдолд ямар нэг зүйл эсвэл хэн нэгний хэрэгцээ гарвал түүнийг олох боломж хэдхэн товчлуур дарахад л бүтэх тийм эдийн засгийн загвар нэгэнт бүрдээд байгааг сайн ойлгох хэрэгтэй. 

Эдийн засгийн энэ загварыг сонгосон хүнд байгаа зүйлээ бусдад түрээслээд нэмэлт орлого боломж нээгддэг. Хуваалцах эдийн засгийн үр шимийг хүртсэнээр өөртөө байхгүй олон зүйлийг бий болгож болно. Хувьдаа машингүй ч машинтай мэт аялж, банкнаас зээл авч чаддаггүй бол хувийн зээлийн платформоор дамжуулан зээл авч, хэзээ ч сурч чадахгүй гэж бодож байсан зүйлсээ сурч эзэмшиж болно.

Байгаа нөөц бололцоогоо хуваалцах хувь хүн хооронд (P2P)-ын чиглэлээс гадна бизнес хооронд (B2B)-ын хуваалцан ашиглах үйлчилгээ, хөдөө аж ахуй, зам, барилга дахь хүнд машин механизм, бусад төхөөрөмжийг түр ашиглах болон бизнес ба хэрэглэгчид хооронд (B2C)-ын үйлчилгээ гэх мэтээр өргөждөг. Онлайн нийгмийн сүлжээ, цахим зах зээл нь эдгээр үйлчилгээг илүү хялбар холбодог.

 

Эх сурвалж: Өдрийн сонин