Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Удвал: ЛэндМН зээлийн бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмнэ

Т.Саран, iKon.mn
2021 оны 10 сарын 7
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

“ЛэндМН ББСБ” ХК нь 2021 оны 7 сарын 30-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр өөрийн толгой компани болох "АНД Глобал" компаниас нэг сая ам.долларын хөрөнг оруулалтыг хоёрдогч өглөгөөр авахаар шийдвэрлэсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Энэхүү хөрөнгө оруулалтыг ямар үйл ажиллагаанд ашиглахаар төлөвлөж байгаа болон “ЛэндМН ББСБ” ХК-ийн цаашдын бизнес төлөвлөгөөний талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Удвалтай ярилцлаа.

-Юуны өмнө Гүйцэтгэх захирлын ажлаа аваад удаагүй байгаа танд баяр хүргэе. Өөрийнхөө талаар товч танилцуулаач, ажлын карьерын замналаас хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Миний хувьд БНТУ-ын Анкарагийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр бакалавр болон магистрын зэрэг хамгаалсан. Сургуулиа төгсөж ирээд MCS группийн охин компаниудад менежерээс эхлэн бизнес хөгжил хариуцсан захирал, маркетинг хариуцсан захирал, хангамж хариуцсан захирал зэрэг олон албан тушаалуудад мөн бизнесийн болон мэдээллийн технологийн олон төслүүд дээр ажиллаж байгаад 2020 оноос ЛэндМН компанид дэд захирлаар ажиллаж эхэлсэн.

Өнгөрсөн  долдугаар сарын 30-ны өдрийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаар Гүйцэтгэх захирлаар томилогдоод байна. ЛэндМН Монголд хамгийн анх технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн үеэс тухайн компанийг мэддэг байлаа.

Монгол залуус дэлхийн хэмжээний  технологийн компанийг бий болгохоор зорьж, тэмүүлж, түүндээ хүрэхийн төлөө ажиллаж байгаа чин хүсэл, эрмэлзэл таалагдсан. Монголын зах зээлд, тэр тусмаа санхүүгийн салбарт технологийн дэвшлийг санхүүгийн үйлчилгээтэй хамтатгасан, цоо шинэ финтек бизнес моделийг гаргаж танилцуулсан нь сонирхол татаж байлаа.  Ингээд  л дэлхийд гарах том зорилготой энэ хамт олонтой нэгдсэн дээ.

Аппликейшн, системээ шинэчлэх гээд олон ажил байна

 
Гэрэл зургийг mpa.mn

-ЛэндМН нь өөрийн толгой компани болох "Анд Глобал"-аас 1 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар татсан эх үүсвэрээ ямар үйл ажиллагаанд ашиглахаар төлөвлөж байгаа талаар нууц биш бол хуваалцаж болох уу?

-Тэгэлгүй яахав. Нуух зүйл байхгүй ээ. ЛэндМН маань Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани учраас эрхэлж байгаа үйл ажиллагаа нь нээлттэй, ил тод байдаг.

Өнгөрөгч долдугаар сарын 30-ны өдрийн ЛэндМН-н ТУЗ-ийн хурлаар ЛэндМН компанийн цаашдын бизнес төлөвлөгөөтэй холбоотой томоохон шийдвэр гарсны нэг нь яах аргагүй энэ. Компани маань 1 сая ам.доллар буюу 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хоёрдогч өглөгөөр татан төвлөрүүлж өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж байгаа юм.

Саяхан бид Санхүүгийн зохицуулах хорооноос хоёрдогч өглөгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх зөвшөөрлөө авлаа. Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлснээр бид зээлийн үйл ажиллагаагаа тэлэх, өргөжүүлэх мөн нэмэлтээр бонд гаргах итгэлцэл татах боломжтой болж байна.

ЛэндМН-ий хувьд энэ жил КОВИД-19-өөс шалтгаалсан эдийн засгийн хувьд тодорхойгүй нөхцөл байдал үргэлжилж байгаа хэдий ч зээлийн төрлөө нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа орон нутагт тэлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах, аппликейшн, системээ шинэчлэх гээд олон ажил байна даа.

-Хоёрдогч өглөгөөр татан төвлөрүүлсэн гэхээр хэдэн жилийн хугацаатай байгаа вэ? СЗХ-ноос гаргасан журмын дагуу хугацаа дуусах хүртэл эргэн төлөхгүй гэж заасан байдаг, хөрөнгө оруулалтыг хувьцаанд хөрвүүлэх эсэх талаар тодруулмаар байна?

-Хоёрдогч өглөгөөр авсан хөрөнгө оруулалт нь таван жилийн хугацаатай, жилийн 14%-ийн хүүтэй. СЗХ-ноос баталсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-д энэхүү хөрөнгө оруулалт нь хугацааны эцэст хувьцаа руу хөрвөх эсэхийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийднэ гэж заасан байгаа.  Тэгэхээр бид 5 жилийн дараа хувьцаа эзэмшигчдийнхээ хурлаар хувьцаанд хөрвөх эсэхийг шийдэх юм. 

-“ЛэндМН ББСБ” ХК-ийн толгой компани болох "АНД Глобал" компани Монголын Стартап компанийн анхны олон улсын хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлсэн. Энэ нь Монголдоо төдийгүй Азидаа томдоо орох Series A шатны хөрөнгө оруулалт болсон талаар сонсож байсан юм. Та энэ тухайд мэдээлэл өгөхгүй юу?

-Анд Глобал компани нь Марубени корпорац болон SBI Holdings-ээс анхны хөрөнгө оруулалт авсан. Энэ хэлэлцээр урт хугацаанд үргэлжилсэн бөгөөд Монголын анхны олон улсын Series-A Хөрөнгө оруулалтын раундаа 15.3 сая $-оор Японы Марубени корпорац, SBI Holdings (хуучнаар Softbank investment), Цахиурын хөндийн Techstars венчур хөрөнгө оруулалтын сангаас амжилттай  татан төвлөрүүлсэн.

Дэлхийн том компани Монголын анхны стартап компанид хөрөнгө оруулалт хийнэ гэдэг нь технологид нь хөрөнгө оруулж, боломж байна гэдгийг харж итгэж байгааг илэрхийлж буй хэрэг юм.

Энэ нь зөвхөн олон улсын анхны Series-A хөрөнгө оруулалт төдийгүй Дэлхийн зах зээлд хамтран өрсөлдөх Стратегийн түншлэлийн гэрээг хамтад нь зурснаараа онцлогтой юм.

-Таны хувьд ажлаа аваад удаагүй байгаа ч одоо юун дээр түлхүү анхаарч ажиллаж байна?

-ЛэндМН маань  Монголын анхны стартап компаниудын нэг мөн анхны финтек компани. Харин одоо бол нэгэнт үйл ажиллагаагаа эхлээд тав дахь жилээ болж байна. Тийм болохоор  байгууллагын хувьд хөгжлийнхөө дараагийн үе рүү орж байгаа гэж харж байгаа. Дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлчилгээ бүтээхийн тулд байгууллага өөрөө хөгжих, байгууллагын ажилтнууд хөгжих, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх тийм л чадвартай байх хэрэгтэй юм.

 Энэ утгаараа  “ЛэндМН ББСБ” ХК-д анх ажиллаж эхлэхдээ байгууллагын цаашдын хөгжил, байгууллагын соёлыг бүрдүүлэх, бэхжүүлэх зорилгоор ажлуудаа эхэлсэн. Мөн бизнесийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах, дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох тал дээр анхааран ажиллаж байна. Манай компанид ажиллахаар ирж байгаа залуучууд яг л ийм хүсэл мөрөөдөлтэй залуучууд байдаг.

Чиний санаачилсан, хөгжүүлсэн бүтээгдэхүүн дэлхийн өөр нэг оронд хэрэглэгдээд явж байна гэхээр сайхан хэрэг л дээ. Мөн яалт ч үгүй КОВИД-19-өөс  үүдэлтэй нийгэм эдийн засгийн хүндрэлтэй энэ үед эрсдэлийн менежментийн бодлогыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, харилцагчийг нэн тэргүүнд тавьж оновчтой шийдвэрийг цаг тухай бүр гаргах дээр онцгой анхаарч ажиллаж байна.

-“ЛэндМН ББСБ” ХК-ийн цаашдын төлөвлөгөө, шинэ бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байгаа юу?

 -ЛэндМН-ийн үндсэн үйл ажиллагаа бол зээл олголт. Тийм ч утгаараа түрүүн хэлснээр зээлийн үйл ажиллагаагаа тэлэх төлөвлөгөөтэй байгаа. Ингэхийн тулд зээлийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахаар төвлөрч байна. Мөн зээлийн системээ шинэчлэх, аппликейшнээ шинэчлэхээр төлөвлөж байна. Удахгүй хэрэглэгч, харилцагчдадаа шинэ бүтээгдэхүүнээр бэлэг барихаар ажиллаж байна.

Дэлхийн стандартад хүрч ажиллаж байна уу гэдэг чухал

 
Гэрэл зургийг mpa.mn

-Танай компани санхүүгийн тайландаа аудит хийх хөндлөнгийн аудитын байгууллагаар олон улсын аудитын компанийг сонгосон байна. Олон улсын байгууллагаар аудит хийлгэх давуу тал юу байна вэ?

-Манай Анд Группийн нэг зорилго нь олон улсад гарах. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд дэлхийн стандартад хүрч ажиллаж байна уу гэдэг нь бидний хувьд чухал. Бид 4 жил дараалан олон улсад нэр хүндтэй Big Four-т багтдаг “Эрнст Энд Янг Монголия Аудит” компаниар аудит хийлгэж байгаа нь санхүүгийн тайлагналдаа олон улсын стандартыг хэрэгжүүлдэг гэдгээ баталж байгаа юм. Нөгөө талаас олон улсын компаниудтай ажиллах нь тэдний ноу хауг судлах боломжийг бүрдүүлдэг.

-ЛэндМН үүсгэн байгуулагдсанаар нийгэмд ямар ач тус хүргэж байгаа гэж та үзэж байна вэ?

-Гарч ирсэн үеэсээ эхлэн ЛэндМН санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нөгөө талаасаа санхүүгийн боловсролыг сайжруулах тал дээр анхаарч ирсэн. Нийт бүртгэлтэй харилцагч 900 мянгад хүрсэн гэдгээс ЛэндМН хэр зэрэг хүртээмжтэй ажиллаж буйг харж болно. Технологи дээр тулгуурласан санхүүгийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ. Өнөөдөр СЗХ-д бүртгэлтэй 22 финтек компани байна. Энэ компаниуд маань үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэгчид аль хэдийн аппликейшнээр дамжуулан үйлчилгээ аваад сурсан, харьцангуй бэлтгэгдсэн хэрэглэгчид болсон байна.

ЛэндМН  аппликэйшнээр дамжуулан Улаанбаатар хот төдийгүй орон нутгийн хүмүүс ч санхүүгийн үйлчилгээ авах боломжтой байдаг. Тэгэхээр орон нутгийн харилцагчид маань ч гэсэн шинэлэг бүхнээс хоцрохгүй байна гэсэн үг юм.

Аппликэйшнээр дамжуулан зээл авах нь цаас хэрэглэхгүй байгаль ээлтэй үйлчилгээ төдийгүй бидний хувьд хамгийн чухал зүйл болох цаг хугацааг хэмнэж байна. Нөгөө талаас зайнаас үйлчилгээ авах боломж нь өнөөгийн нөхцөл байдлын хувьд хамгийн том хэрэгцээ шаардлагуудын нэг боллоо.

Манай компани энэ жил Монголын тогтвортой санхүүжилтийн ТоС ТББ-д гишүүнээр элсэн орсон. Үйл ажиллагаандаа байгальд ээлтэй байх гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байна. 

-Технологи болон лицензийн гэрээнд өөрчлөлт оруулахыг саяхан болж өнгөрсөн ТУЗ-ийн хурлаар зөвшөөрсөн байсан? ЛэндМН технологийн хөгжүүлэлтээ цаашид хэрхэн сайжруулах вэ?

- ЛэндМН-ийн үндсэн систем болон аппликейшнийг группийн охин компани хөгжүүлдэг.  Энэ жил группийн охин компани болох “Анд Солюшин" компанитай шинэчилсэн гэрээ байгуулсан. Энэ нь технологи нийлүүлэх болон лицензийн гэрээ юм. Тус гэрээгээр үндсэн систем нийлүүлэх, сайжруулах, хөгжүүлэх үйлчилгээ үзүүлэх нөхцөлүүдээ шинэчлэн баталсан байгаа.

 -Цар тахлын үед олон аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж байна. Энэ үед амжилттай ажиллаж буй та бүхний арга барил юу байв?

- Covid-19-ийн нөлөөлөл нь компанийг хурдтай ажиллах, шийдвэр гаргах, хариу үзүүлэх шаардлагатайг ойлгуулсан гэж боддог. Бид санхүүгийн компани учраас эрсдэлийн менежмент дээр түлхүү анхаарсан.

Өөрөөр хэлбэл эрсдэлд бэлэн байх, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчийн эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах, харилцагчдадаа уян хатан, боломжит нөхцөлийг санал болгох зэрэг шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж, компанийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад анхаарч байна.