Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Үнийн хөнгөлөлттэй холбоотойгоор иргэд шахмал түлшээ нөөцөлснөөс болоод дараалал үүссэн"

Г.Номин, iKon.mn
2021 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэр болон шатахуун, шахмал түлштэй холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар мэдээлэл өглөө.

"Аравдугаар сард ОХУ-аас 54 мянган тонн шатахуун татан авах төлөвлөгөөтэй байгаа"

УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Шатахууны хомсдол үүсээгүй гэдгийг хэлэхийг хүсэж байна. Өчигдөр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор манай яам, АМГТГ болон шатахуун импортлогч компаниуд мэдэгдэл гаргасан. Улаанбаатар хотод хэвийн хэрэглээний 5 хоногийн нөөц байгаа. Татан авалттай холбоотойгоор цаашдаа нөөц өсөөд явна. Аравдугаар сард ОХУ-аас 54 мянган тонн шатахуун татан авах төлөвлөгөөтэй байгаа" гэдгийг хэллээ. 

"Оргил ачааллын үед хагас сар хэрэглэх хэмжээний шахмал түлшний нөөцтэй байна"

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Өнөөдрийн байдлаар шахмал түлшний 71 мянган тоннын нөөцтэй байна. Энэ нь оргил ачааллын үеийн хагас сар, бага ачааллын үеийн нэг сарын хэрэглээ юм. Өнгөрсөн оны мөн үед бид 58 мянган тонн шахмал түлшний нөөцтай байсан. Тэр үетэй харьцуулахад 20 орчим мянган тонноор илүү түлш нөөцлөөд байна. 

Засгийн газрын шийдвэрээр сайжруулсан шахмал түлшний үнийн хөнгөлөлтийг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжлүүлэхээр болсныг албан ёсоор хэлье.  Түлшний үйлдвэрлэлд ашиглах 210 мянган тонн мидлингийг Улаанбаатарт авчирсан байгаа. Энэ нь оргил ачааллар тооцвол 2 сарын хэрэглээ юм. Мөн барьцалдуулагч бодисын нэг сарын нөөцтэй байгаа. Тиймээс шахмал түлшний хомсдолд орсон гэж үзэж болохгүй. Харин үнийн хөнгөлөлттэй холбоотойгоор иргэд түлшээ нөөцлөх шиг боллоо. Түүнээс болоод дараалал үүссэн. Тиймээс бид шуурхай арга хэмжээ авч шахмал түлш борлуулах цэгийн тоог 280-420 болгож нэмэгдүүллээ. Өнгөрсөн онд 300 хэрэглэгчид нэг цэг ногдох байдлаар тооцоолж 600 цэгийг ажиллуулж байсан. Арваннэгдүгээр сар гэхэд цэгийн тоог 600 болгоно. 

Сайжруулсан шахмал түлшийг картаар олгодог бөгөөд нийт 240 мянган хэрэглэгч карттайгаас 180 мянга нь худалдан авалт хийсэн байна. Тиймээс карт бүртгэлжүүлэх ажлыг хийж байгаа. Картаа бүртгүүлээгүй иргэдэд түлш олгохгүй байгаатай холбоотойгоор иргэд гомдол гаргасан. Карт бүртгэлжүүлэх ажлыг энэ сардаа багтаад дуусгана" хэмээн ярилаа. 

Үргэлжлүүлэн Эрчим хүчний сайд сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ "Шахмал түлш борлуулах цэгүүд дээр хангамж тасраагүй. 420 цэг дээр борлуулалт хэвийн явагдаж байгаа. Би өчигдөр өөрийн биеэр явж шалгасан" гэдгээ хэллээ.