Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг "Pandora Papers"-т нэр холбогдов

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консерциум (ICIJ) байгууллагаас аравдугаар сарын 3-нд ил болгосон оффшор хөрөнгийн талаарх мэдээлэлд Монголоос хоёр улстөрчийн нэр дурдагдсаны нэг нь Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд асан С.Батболд байсан талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хоёр дахь хүнээр дурдагдсан нийтлэлийг ICIJ нийтэлжээ.

"Америкийн хамгийн том хуулийн фирм дэлхийн баялгийг татварын диваажин руу хэрхэн хөтөлдөг вэ" гэх гарчигтай, Baker McKenzie хуулийн фирмийн тухай уг нийтлэлийн эхэнд "Калашниковын винтов үйлдвэрлэгч орос хүн олон улсын хориг арга хэмжээнд орж, зэсийн томоохон уурхайн хувьцаагаа Монголын сүүдрийн бизнест худалдахыг хүсчээ. Уг худалдаа нь тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайдын авлигын хэргийг шалгах ажиллагааг эхлүүлсэн юм" гээд "Монголын уурхай дахь хувьцаагаа зарсан Оросын зэвсэг үйлдвэрлэгч "Ростек" компани нь олон улсын хориг арга хэмжээнд орсон байхдаа Baker McKenzie-тэй гэрээ байгуулсан, ОХУ-ын төрийн өмчийн цөөхөн компанийн нэг болохыг тодотгожээ. 

Уг нийтлэлээс Монголтой холбоотой хэсгүүдийг доор эш татав.

2016 оны гуравдугаар сард ОХУ-ын Төрийн өмчит Ростек компани дэлхийд томоохонд тооцогддог, Монгол дахь Эрдэнэт нэртэй  зэсийн уурхай хувьцаагаа зарахаар тусламж эрж байв. 2014 оноос олон улсын хоригт орсон байсан Ростек компанид Монгол дахь уурхайг борлуулахын тулд АНУ, Европын холбооноос зөвшөөрөл авсан, Оросын байгууллагуудад зөвлөгөө өгөх туршлагатай хуулийн фирм шаардлагатай байсныг Baker McKenzie хангажээ. 

Ийнхүү 2016 оны зургаадугаар сард Ростек Эрдэнэт үйлдвэрийн өөрийн эзэмшлийн 49 хувийг "Монголын зэс корпорац" хэмээх төдийлөн сайн танигдаагүй компанид 400 сая ам.доллароор зарав. Ийнхүү худалдах үед "Монголын Зэс" рүү хэдэн зуун сая долларын гүйлгээ хийгдэж байгаа нь сэжигтэй байгаа талаар  Deutsche Bank-ны Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх мониторууд тайлан гаргаж байжээ. Тус банк мэдээлэхдээ "Монголын зэс"-д бизнесийн үйл ажиллагааных нь талаар тодорхой мэдээлэл бараг байгаагүй гэжээ. 

Монголын улс төр дэх түймэр

Энэхүү хэлэлцээр нь Монголд улс төрийн шуурга дэгдээж, шүүх ажиллагаа, авлигын өндөр түвшний авлигын хэргүүдийн мөрдөн байцаалт явуулах эхлэлийг тавьсан бөгөөд үүний нэг бай нь тухайн үеийн Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг байсан юм. Монгол Улсын парламент энэхүү хэлэлцээг хийхдээ хууль тогтоогч дээд байгууллагаар хэлэлцүүлж батлаагүй учраас Ч.Сайханбилэгийг хууль зөрчсөн гэж үзсэн. Түүнчлэн "Монголын зэс" нь нэр бүхий банкны халхавч байсныг Монголын мөрдөн байцаагчид нотлох баримтуудаар илрүүлсэн. Goldman Sachs-ийн хувь эзэмшил бүхий, улс төрд нөлөө бүхий тус банк уг худалдааг санхүүжүүлэхдээ улсын хөрөнгийг зүй бусаар зарцуулсан хэмээн мөрдөн байцаагчид мэдэгдсэн. 

Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Роберт Амстердам "Ерөнхий сайд асан уг худалдаанд ямар ч үүрэг гүйцэтгээгүй бөгөөд ямар ч буруу зүйл хийгээгүй" гээд Ростек компани "Монголын Зэс Корпорац"-ыг өөрсдөө сонгон тодорхойлсон бөгөөд бусад худалдан авагчид хувьцаагаа худалдахыг хүсээгүй болохыг хэлсэн. Мөн "Монголын бизнес эрхлэх нэр хүндийг Эрдэнэтийн мөрдөн байцаалт дахь улс төрийн шинж чанар алдагдуулсан" хэмээн нэмж хэлсэн байна. 

Энэхүү хэлэлцээрийг Ростек хэрхэн зөвшөөрсөн, Оросын бусад компанитай үүсгэсэн харилцааны талаарх ICIJ-ийн асуултад Baker McKenzie үйлчлүүлэгчдийн нууц гэдэг шалтгаанаар хариулахаас татгалзсан байна. "Ростек" мөн ямар нэгэн байр суурь илэрхийлэхээс татгалзжээ. 

Baker & McKenzie CIS-ийн бүртгэлтэй оффис нь Английн Гернси дэх санхүүгийн төвийн нэгдүгээр давхарт байрлах байна. Улс орнуудын санхүүгийн нууцлалын бодлого, туршлагыг судалдаг Tax Justice Network ашгийн бус байгууллагаас мэдээлснээр Гернси нь татварын таатай орчин, нууцлалын үзүүлэлтээрээ дэлхийд 11 дүгээрт бичигддэг болохыг ICIJ нийтлэлийнхээ төгсгөлд онцолжээ.



Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй холбоотой хэрэг өнөөг хүртэл эцэслэгдээгүй байгаа юм. Тэрбээр өмгөөлүүлэхээр олон улсад нэр хүндтэй хуулийн фирм Amsterdam & Partners LLP-ийг хөлсөлсөн тухай тус компани мэдээлсэн бөгөөд гаднын иргэншил хүсээд буй. Харин Монгол Улсын зүгээс мөрдөх байгууллагууд мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа ба шилжүүлж авах тухай асуудлаар холбогдох байгууллагад хандсан болохоо хамгийн сүүлд мэдэгдсэн.