Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19 халдвараар өвчлөөд эдгэрсэн хүний тоо 404,135-д хүрч, нийт батлагдсан тохиолдлоос 88,000 орчмоор ИЛҮҮ БОЛОВ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнгөрсөн хоногт 7,813 хүн эдгэрсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Ингэснээр улсын хэмжээнд халдвар аваад эдгэрсэн хүний тоо 404,135-д хүрч, нийт бүртгэгдсэн тохиолдлоос 88,000 орчмоор илүү болов.

 

Тодруулбал, ikon.mn сайт COVID-19 хуудсаараа дамжуулан 2020 оны долдугаар сараас эхлэн Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэсээр ирсэн.

Харин Эрүүл мэндийн яамны КОВИД-19 нөхцөл байдлын мэдээний тоон үзүүлэлт өнгөрсөн долдугаар сараас эхлэн зөрсөөр, дотоодод болон гадаадад 100,000 орчим тохиолдлоор зөрүүтэй мэдээлэгдсээр байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн.

Энэ тухай тус яамнаас тодруулахад “Сүүлийн үед зөвхөн PCR шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудыг шинээр илэрсэн тохиолдлын тоонд оруулан мэдээлж байгаа.

Харин шинж тэмдэг илэрсэн, түргэвчилсэн тестээр "эерэг" гарсан хүмүүст шууд эмчилгээг хийж, 10 хоногийн дараа “эдгэрсэн” тоонд оруулан мэдээлж буй тул дээрх тоон мэдээлэл зөрүүтэй харагдаж байгаа юм” гэсэн тайлбар өглөө.

Тус яам бодлогын хүрээнд халдварын батлагдсан тохиолдлын "тоо" чухал биш гэж үзэж байгаа тухай албаны эх сурвалж хэллээ.

Өөрөөр хэлбэл, өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр батлагдсан тохиолдлыг Эрүүл мэндийн яам мэдээлж байгаа. Харин өдөрт хэчнээн хүн халдвар авсан ч РCR шинжилгээ өгч оношоо баталгаажуулаагүй нь тодорхойгүй байна.

Ямартай ч өнөөдрийн байдлаар халдвар аваад эдгэрсэн хүний тоо 400,000-ыг давж, эдгэрсэн болон батлагдсан тохиолдлын тоон зөрүү ийнхүү 88,000-д хүрлээ.