Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Францын католик санваартнууд 1950-2020 оны хооронд 216,000 хүүхдийг хүчирхийлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Францын католик шашны сүм хийдүүдэд гарсан бэлгийн хүчирхийллийн хэргүүдийг мөрдөн шалгах тусгай хороо хоёр жил хагасын турш үргэлжилсэн ажлын тайлангаа өчигдөр нийтэд танилцуулжээ.

Уг тайланд өгүүлсэн хамгийн ноцтой баримт нь 1950-2020 оны хооронд католик шашны лам хуврагууд нийтдээ 216,000 орчим хүүхдэд бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлсэн тухай байлаа.

Дэлхий даяар католик сүм хийдүүдийн ёс бус үйлдлийн талаар дуулиан дэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор Францын шашны эрх баригчид 2018 онд олон салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн хараат бус хороог байгуулж байжээ.

Хэрвээ католик сургуулиудын багш нарын үйлдсэн гэмт хэргүүдийг оролцуулбал хохирогч хүүхдүүдийн тоо 330,000 хүрэхээр байгааг хорооны тайланд дурдсан байна.

“Эдгээр нь дэндүү жигшмээр, хариуцлага тооцолгүй өнгөрөөхийн аргагүй тоонууд юм. 2000-аад оны эхэн үе хүртэл Католик сүм хийдүүд хохирогчдод маш харгис хатуу хандаж, үйлдсэн нүглээ системтэйгээр нуун дарагдуулж байжээ” гэж тусгай хорооны дарга Жан Марк Сауве хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

 
Мөрдөн шалгах хорооны дарга Жан Марк Сауве

Хуралд оролцсон Францын Хамба Лам нарын чуулганы ерөнхийлөгч Эрик де Мулин-Бофорт шалгалтын үр дүнд ичиж, бас айн цочирдож, бүх хүмүүсээс уучлал гуйж байгаагаа илэрхийлсэн байна.

Хэдийгээр ихэнх хэргүүдийг прокурорт шилжүүлэхэд хэтэрхий оройтсон ч хохирогчдод нөхөн төлбөр олгохыг Сауве католик сүм хийдүүдийн захиргаанд уриалжээ.

Тэрбээр тайланг нийтэд танилцуулахаасаа өмнө Ням гарагт хэвлэлд ярихдаа сүүлийн 70 жилийн хугацаанд Францын католик сүм хийдүүдэд 2,900-3,200 орчим гаж донтон ажиллаж байсныг илрүүлснээ хэлсэн юм.

Саувегийн тэргүүлсэн мөрдөн шалгах хороонд шашинтай холбоогүй салбар салбарын 21 мэргэжилтэн багтаж, олон зуун хохирогчоос мэдүүлэг авсан юм байна. 

2,500 хуудас тайланд өгүүлснээр хохирогчдын дийлэнх хэсэг нь нийгмийн янз бүрийн гаралтай насанд хүрээгүй хөвгүүд байжээ.

Гаж донтнуудын тоо 1950 оноос хойш Францын сүм хийдүүдэд харьяалагдаж байсан нийт санваартнуудын 2.5 хувь болсон байна. Бусад улс орнуудад явуулсан ижил төстэй шалгалтын үр дүнд илэрсэн энэ харьцаа 4.4-өөс 7 хувийн хооронд хэлбэлзэж байжээ.

 

Эх сурвалж: AFP