Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

Физикийн салбарын Нобелийн шагналыг АНУ, Герман, Италийн эрдэмтэд хувааж хүртэхээр боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт Шведийн Эзэн Хааны Шинжлэх Ухааны Академи 2021 оны физикийн салбарын Нобелийн шагналтнуудыг зарлажээ.

Тэдгээр нь АНУ, Герман, Италийн эрдэмтэд байсан ба санамсаргүй үзэгдлүүдийн зүй тогтлыг тодорхойлох онолыг боловсруулсан ажлаараа уг шагналыг хүртэхээр болсон байна.

Тэдний боловсруулсан онолын тусламжтайгаар байгалийн нарийн ээдрээтэй үзэгдлүүдийг тайлбарлах, урьдчилан тааварлах боломжтой болжээ. Тухайлбал уур амьсгалын өөрчлөлтийн талаар ойлголтыг өргөжүүлсэн юм байна.

АНУ-ын япон гаралтай эрдэмтэн Сюкүро Манабэ, Германы эрдэмтэн Клаус Хасселманн нар “дэлхийн уур амьсгалыг физик аргаар загварчилж, дулаарлын үйл явцыг найдвартай урьдчилан тааварлах боломжтой болгосон” амжилтаараа Нобелийн мөнгөн шагналын хагасыг тэнцүү хувааж хүртэхээр болжээ.

Харин шагналын нөгөө хагасыг “Атомоос эхлээд гараг эрхэс хүртэл түвшний бүх физик системийн эмх цэгцгүй хэлбэлзлүүдийн харилцан үйлчлэлийг нээсэн” амжилтаараа Италийн эрдэмтэн Жоржио Паризи хүртэхээр болсон байна.

Нобелийн шагналын хороо 90 настай Манабэ, 89 настай Хасселманн нарыг “Дэлхийн бөмбөрцгийн уур амьсгалын талаар, хүн төрөлхтөн түүнд хэрхэн нөлөөлдөг талаар бидний ойлголтын эх суурийг тавьсан хүмүүс” хэмээн өргөмжилжээ.

Бүр 1960-аад оны үед Манабэ агаар мандалд нүүрсхүчлийн давхар исэл нэмэгдвэл дэлхийн уур амьсгал дулаарахыг батлан харуулж байсан гэнэ.

Үүнээс арав орчим жилийн дараа Хасселманн цаг агаарын үзэгдлүүд хэдийгээр эмх цэгцгүй байдаг ч загварчлалын тусламжтай урьдчилан тааварлах боломжтойг харуулжээ.

Тэр бас дэлхийн цаг уурт хүний хүчин зүйл нөлөөлж буйг харуулах гол шинж тэмдгүүдийг тодорхойлж байсан гэнэ.

Харин 73 настай Паризи математик, биологи, неурологи, хиймэл оюун ухаан зэрэг олон салбарт комплекс системүүдийн зүй тогтлыг тайлбарлах боломжтой физик, математикийн загварчлалыг бий болгосон хүн гэгдэж байна.

Гурван эрдэмтэн Шведийн Эзэн Хааны Шинжлэх Ухааны Академиас олгох 10 сая швед кроны ($1.15 сая) шагналыг хувааж хүртэх юм.

Өнгөрсөн оны физикийн шагналыг Их Британи, Герман, АНУ-ын эрдэмтэд хар нүхний нээлтээрээ хүртэж байжээ.

Даваа гарагт 2021 оны анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорсон бол өнөөдөр химийн салбарын шагналтнуудын нэрсийг зарлах юм.

Пүрэв гарагт утга зохиол, Баасан гарагт энх тайвны шагналтнууд тодорч, Даваа гарагт эдийн засгийн салбарын шагналын эзэд тодорсноор энэ жилийн Нобелийн долоо хоног өндөрлөнө.

 

Эх сурвалж: Associated Press