Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Гаальд мэдүүлээгүй 5.9 кг алт, монетан эдлэлд 30.9 сая төгрөгийн татвар, 15.4 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Гаалийн ерөнхий газраас гаалийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

ГЕГ-ын зөрчил хянан шийдвэрлэх, хэрэг бүртгэлтийн албаны дарга Б.Сүхбаатар: Гаалийн байгууллагын хэмжээнд оны эхний есөн сарын байдлаар 776 удаагийн гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс 739 зөрчил илрүүлж, 30 зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлээ. Мөн 7 зөрчлийг шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн.

Ердийн үед гаалийн байгууллагад 2,500-4,000 орчим зөрчил илрүүлж, 10 орчим тэрбум төгрөгийн торгууль шийтгэл тавигддаг байсан. Цар тахлын улмаас хяналт шалгалтыг хязгаарласнаар зөрчил илрүүлэлт өмнөх жилүүдийнхээс буурсан үзүүлэлттэй байгаа. Дээр дурдсан 776 зөрчилд 2.1 тэрбум төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 1.2 тэрбум төгрөгийн торгууль шийтгэл оногдуулсан байна. Зөрчлийн улмаас 37.9 сая төгрөгийн барааг улсын орлого болгохоор түр саатуулж, 56.8 сая төгрөгийн үнэ бүхий барааг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнд түр хураагаад байна.

Гаалийн байгууллагын системийн хэмжээнд оны эхний зургаан сарын байдлаар нийт 2,407 зорчигчийн 7.5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний бэлэн мөнгөний гаалийн мэдүүлэг бүртгэгдсэн. Үүнээс улсын хилээс гарах чиглэлд 1,312 мэдүүлэг нийт 6.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют, орох чиглэлд 1,095 мэдүүлэг нийт 842.4 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютын мэдүүлэг бүртгэгдсэн. Үүнээс улсын хилээр гарах чиглэлд 133.7 мянган юань буюу 58.9 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хууль бусаар нэвтрүүлэхээр завдсан үйлдлийг илрүүлж, улсын орлого болгон хураан авч, 8.8 сая төгрөгийн торгууль ногдуулсан.

Үүнтэй холбогдуулан сэрэмжлүүлэхэд улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч 15 сая төгрөг түүнтэй тэнцэх хэмжээний болон түүнээс дээш хэмжээний валют биедээ авч явж байгаа тохиолдолд гаалийн мэдүүлэгт заавал бичих үүрэгтэй. Зорчигч, жолооч нар энэ заалтыг мэдэхгүйгээр бэлэн мөнгөө хураалгах, торгуулах зөрчил байнга гарч байна.

Мөн гааль, тагнуулын байгууллагын хамтарсан шалгалтын дүнд алт, үнэт эдлэлийн гаалийн бүрдүүлэлт, зөрчил илрүүлэлт эрс нэмэгдэж байна. Энэ оны наймдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдрийн хугацаанд Турк улсаас 50.5 кг аль, монет, мөнгөн эдлэл, Энэтхэг улсаас 4.1 кг мөнгөн эдлэл, Солонгос улсаас 5.9 кг аль, монетан эддэлийг Монгол Улсын 18 иргэн импортолж 21 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр нийт 171.3 сая төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн.

Эдгээрээс дурдвал, БНСУ-аас ирсэн зорчигч Монгол Улсын хилээр нэвтрэхдээ биедээ авч явсан их хэмжээний алт, үнэт эдлэлийг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй, татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчилд холбогдох 5.9 кг алт, монетан эдлэлд 30.9 сая төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 15.4 сая төгрөгийн торгууль ногдуулж шийдвэрлэсэн байна” гэв.