Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатарын дүүрэг бүрд томоохон цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ирэх жилүүдийн төсөвт суулгаж байгаа"

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өчигдөр эхлүүлээд байгаа. Энэ үеэр Улаанбаатарт мод тарьж, ургуулах ажилд оролцоход бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “2016 онд нийслэлийн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 2.1 ам метр байсан бол 2021 онд 5.6 ам метр болгон нэмэгдүүлсэн. Цаашид энэ хэмжээг 10 дахин тэлэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар ажиллаж байна.

Түүнчлэн дүүрэг бүрдээ томоохон үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг санаачлан, ирэх жилүүдийн төсөвтөө суулгаж байгаа. Бидний санаачлан, төлөвлөж буй ажлууд Ерөнхийлөгчийн нэг тэрбум мод хөтөлбөртэй уялдан, нэгдэн нийлж буйд туйлын баяртай байна.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын 48 мянган алба хаагч, 115 мянган аж ахуй нэгж, байгууллага, есөн дүүргийн удирдлагууд уг төсөлд хамтран оролцоход бэлэн байгаагаа илэрхийлж байна” гэв.

Нийслэлд ногоон бүс буюу ой мод бүхий 116 мянган га талбай байдгаас нөхөн сэргээх зайлшгүй шаардлагатай 17 мянга га талбай бий. Уг 17 мянган га талбайг нөхөн сэргээх, зүлэгжүүлэх, ойжуулах ажлыг эхлүүлэхээр НЗДТГ, Нийслэлийн Байгаль орчны газраас тооцоо, судалгаа хийн ажиллаж байна. Ирэх жилдээ багтаан эхний ээлжийн 500-700 га талбайг нөхөн сэргээж, ойжуулах юм байна.