Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

60-300 хүнд амьдрал бэлэглэсэн цусны доноруудыг алдаршуулав

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг сар бүрийн “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 79 дэх удаагийн арга хэмжээ өнөөдөр боллоо.

Сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, алдаршуулж урамшуулах зорилготой энэхүү өдөр

  • 2010 оноос эхлэн 100 удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгч 300 хүнд амьдрал бэлэглэсэн Цэрэндоржийн Мөнхбаатарыг “Мөнгөн донор”-оор,
  • 2014 оноос цус болон цусны бүрэлдэхүүн хэсгээ өгч 150 хүнд амьдрал бэлэглэсэн  Энхболдын Ариунбатыг “Бахархал 50” тэмдгээр,
  • 2012 оноос цус цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэж 120 хүнд амьдрал бэлэглэсэн Энхбаярын Басхүүг “Бахархал 40” тэмдгээр, 
  • 2014  оноос цус цусны бүрэлдэхүүн хэсгээ өгч 90 хүнд амьдрал бэлэглэсэн Энхцэцэгийн Төрбатыг ”Бахархал 30” тэмдгээр, 
  • 2016 оноос цус цусны бүрэлдэхүүн хэсгээ өгч 60 хүнд амьдрал бэлэглэсэн Оюунбаатарын Отгонбаатар, Пунцагийн Наранцацрал нарыг ”Бахархал 20” тэмдгээр тус тус шагнаж алдаршуулав.
Цус, цусан бүтээгдэхүүнийг төрөхийн хүндрэл, автын осол, гэмтлийн үед, зүрх судас, хавдрын өвчлөл болон эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа зэрэгт түлхүү хэрэглэдэг. Тухайлбал, элэг шилжүүлэн суулгах хагалгааны цус, цусан бүтээгдэхүүний захиалгыг 500 орчим донороос бэлтгэдэг бөгөөд долоо хоногт 2-3 удаа элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийгдэж байгааг Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр хэлж байв.

ЦССҮТ-өөс ажлын өдрүүдэд цусаа бэлэглэх боломж багатай иргэд, донорууддаа зориулан сар бүр нэг удаа амралтын өдөр цус, цусны бүрэлдэхүүн хэсэг цуглуулж байгаа аж. Энэ хүрээнд өнгөрөгч амралтын өдрүүдээр Нийслэлийн залуу багш нарын холбооны гишүүд дэмжигчид дөрөв дэх жилдээ “Цус хандивлах 2021 аян”-ыг амжилттай зохион байгуулсан байна.