Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Жил бүр ДНБ-ий нэг хувиас доошгүйг мод тарих үйлсэд зарцуулах тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарав

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан талаар мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гарч, хүргэгдэж байна. Уг зарлигаар:

  • Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөрт гарган ажиллах,
  • Жил бүр ДНБ-ний нэг хувиас доошгүйг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах,
  • Улс, орон нутгийн төсвийн хөрөнгийн тодорхой хувийг байгальд ээлтэй, ногоон байгууламж бүхий эрх зүйн орчныг бүрдүүлэх,
  • Ойн агентлагыг сэргээн байгуулах, халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд мод тарих үйлсийг уялдуулах,
  • Иргэн, ААН-ийн тарьсан модыг улсын нэгдсэн санд бүртгэж авах,
  • Тарьсан модыг зах зээлийн эргэлтэд оруулж, бодит дэмжлэг үзүүлэх,
  • Гадаадаас ирж байгаа жуулчдыг мод тарихад нь дэмжих,
  • Дүүрэг, сум болгон ногоон байгуулж бүхий хүрээлэн бий болгож, иргэдэд мод тарих үйлсийг Сурталчлан таниулж, бүх нийтийн үйлс болгох,
  • Мод тарихад шаардагдах усны нөөцийг бүрдүүлэх зэрэг чиглэлийг Засгийн газарт үүрэг болголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцох үеэрээ тэрбумаар тоологдох молд тарина гэдгээ амласан.

Нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөний нээлт өнөөдрөөс эхэлж байна. Энэ хүрээнд Ерөнхийлөгч өөрөө биечлэн зарим арга хэмжээнд оролцоно” гэв.  

Байгаль орчин, аялал жуулчлалтын сайд Н.Уртнасан “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр Монгол Улсын нийт газар нутгийг 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна. Нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг 10 жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлбэл нэн хүчтэй цөлжилтөд өртсөн 120 сая га талбайн хэмжээнд дөрвөн хувиар бууруулж чадах юм.

Мөн ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ өнөөдрийн байдлаар 7.9 хувьтай байна. Үүнийг бид 2030 он гэхэд 9 хувьд хүргэх зорилтоо тодорхойлсон.

Энэ хөдөлгөөнийг эхлүүлж байгаатай холбоотойгоор иргэдийн зүгээс төсвийн тооцооллыг хэрхэн гаргасан бэ гэдэг асуудлыг тавьж байгаа. Бид ДНБ-ий нэгээс багагүй хувийг ойжуулах ажилд зарцуулах тооцооллыг хийсэн. Энэ нь 10 жилийн хугацаанд ойролцоогоор 4.3 их наяд төгрөг юм. Судлаач, ойн мэргэжлийн байгууллагуудын тооцооллоор улс, орон нутгийн төсвийн зардлаар 30 орчим хувийг нь хангах боломжтой, хувийн хэвшлийг дэмжиж, хамтарч чадвал 45 орчим хувийг бүрдүүлэх боломжтой гэж харж байгаа. Олон улсын төсөл хөтөлбөрүүдийг өргөжүүлж чадвал 20 орчим хувийг нь хэрэгжүүлэх боломжтой.

Нэг тэрбум мод тарих ажлыг гурван үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ: 

  • 2021-2024 он хүртэл бэлтгэл буюу нэгдүгээр үе шат,
  • 2024-2026 он хүртэл эрчимжүүлэх буюу хоёрдугаар үе шат,
  • 2027-2030 он хүртэл тогтвортой үргэлжлэх үе шат гэж төлөвлөсөн” гэдэг мэдээлэл өглөө.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас өгсөн мэдээллээр үндэсний хөдөлгөөний хүрээнд жилд дунджаар 100 сая мод тарих аж. Гэвч эхний жилүүдэд ийми хэмжээний нөөц бололцоо байхгүй тул үр, суулгацын ах ахуйн нөөц бололцоог 10 дахин нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж.