Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Нярайн өвчлөл тулгамдсан асуудал боллоо. Тиймээс жирэмсэн эхчүүд COVID-19-ийн вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалъя"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Амгалан амаржих газрын Чанарын албаны дарга Ш.Хангал жирэмсэн эмэгтэйчүүдийг коронавируст халдварын эсрэг вакцинд идэвхтэй хамрагдахыг хүслээ.

Тэрбээр “Манай эмнэлэг өнөөдрийн байдлаар нийтдээ коронавирусийн халдвар авсан нь батлагдсан 500 орчим эх, нярайд тусламж үйлчилгээ үзүүлсэн.

Тэдний 60 хувь нь хүндэвтэр, 10 хувь нь хүнд оноштой байсан бол хөнгөн оноштой эмэгтэй ердөө 20-30 хувийг эзэлж байлаа.

Жирэмсэн эхчүүдийн тухайд, уушгины амьсгалын багтаамж багассан болон дархлаажуулалтын систем дутмаг байдагтай холбоотойгоор халдвараар хүндрэх тохиолдол их байна. Тэд өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталсан ч гэр бүлийн гишүүдээр дамжиж халдвар авсан тохиолдол олон байгаа юм.

Мөн жирэмсэн эхчүүд коронавирусийн эсрэг дархлаажуулалтад маш бага хувьтай хамрагджээ.

Тухайлбал, нийслэлийн хэмжээнд л гэхэд нийт жирэмсэн эхчүүдийн 35 хувь нь вакцины нэгдүгээр тунд, 24 хувь нь хоёрдугаар тунг хийлгэсэн байгаа юм. Энэ нь өөрөө хүндрэх маш эрсдэл өндөр байгааг харуулж буй.

Халдвартай байхдаа Амгалан амаржих газраар үйлчлүүлсэн нийт жирэмсэн эхчүүдийн 70-80 хувь дархлаажуулалтад хамрагдаагүй байна. Түүнээс гадна төрсний дараах нярайн өвчлөл бидний өмнө тулгамдсан асуудал боллоо.

Тиймээс эрсдэл хүндрэлээс сэргийлж жирэмсэн эмэгтэйчүүд болон амаржсан эхчүүд дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1539331303083170