Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Дуучин Т.Дэлгэрмөрөнг эрүүлжүүлэн түр саатуулж, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэлд нь зөрчлийн хэрэг нээжээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дуучин Т.Дэлгэрмөрөнд гэр бүлийн хүчирхийллийн хэргээр зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 29-ний өдрийн 00:45, 10:30 цагуудад “Солонгон ааштын Увидас” фэйсбүүк цахим хуудсаар Т.Дэлгэрмөрөн нь иргэн Т.Анандаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, алахаар сүрдүүлсэн бичлэг цацагдсан.

Үүний дагуу Цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулан шалгаж эхэлжээ.

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хорооны “Хамтарсан баг”-ийн төлөөллийг байлцуулан иргэн Т.Анандаагаас мэдүүлэг авч, аюулын зэргийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээг хийсэн байна.

Мөн Т.Дэлгэрмөрөнгөөс мэдүүлэг авч, Эрүүлжүүлэх, саатуулах төвд түр саатуулсан бөгөөд тухайн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа аж.

Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйл /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих/:

1. Гэр бүлийн хүчирхийллийн талаар хуулиар хүлээсэн мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Түр хамгаалах байрны журам зөрчиж нэвтэрсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.Түр хамгаалах байрны зориулалтыг өөрчилсөн, эсхүл хуульд зааснаас өөр зориулалтаар ашигласан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг:

  • 4.1.зодсон;
  • 4.2.хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан;
  • 4.3.бусадтай харилцахыг хязгаарласан;
  • 4.4.хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

Тайлбар: Энэ хуулийн тусгай ангид заасан “хууль зөрчих” гэж хууль, Захиргааны ерөнхий хууль, бусад хуульд заасан журмын дагуу хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнийг ойлгоно.