Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжингийн Өвлийн Олимпын наадмын тасалбарыг гадаадын хөгжөөн дэмжигчдэд зарахгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хятад улсын нийслэл Бээжин хотод ирэх оны эхээр зохион байгуулагдах өвлийн олимпын наадмын журмыг өчигдөр Олон Улсын Олимпых Хороо (ОУОХ) танилцуулжээ.

Журмын дагуу уг наадмын тасалбарыг гадаадын иргэдэд зарахгүй болсон байна. 

Өөрөөр хэлбэл гадаад орнуудын хөгжөөн дэмжигчид зөвхөн телевиз, интернэтээр Бээжингийн Өвлийн Олимпын наадмын нээлт, хаалтын ёслол, уралдаан тэмцээнүүдийг үзэхээр болжээ.

Токиогийн зуны олимпын наадмаас ялгаатай нь Хятад улсын иргэд өвлийн наадмын 109 медалийн төлөө өрсөлдөх уралдаан тэмцээнүүдийг газар дээр нь үзэх, хөгжөөн дэмжих эрхтэй болсон явдал юм. Гэхдээ тэдэнд эрүүл мэндийн ямар шаардлага тавигдах талаар ОУОХ дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Наадамд ирэх тамирчид вакцинжуулалтад хамрагдаагүй бол Бээжин хотод ирснийхээ дараа 21 хоног тусгаарлагдахаар болжээ. Харин вакцинжуулалтад хамрагдсан тамирчид, төлөөлөгчид тусгаарлагдахгүй. Токиогийн зуны олимпын наадамд оролцогчид вакцинжуулалтад хамрагдсан ч 14 хоног тусгаарлагдаж байсан юм.

Зохион байгуулагч улс наадам эхлэхээс хоёр долоо хоног орчмын өмнөөс аюулгүй байдлын вакуумыг олимпын хотхонд үүсгэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл тамирчид, төлөөлөгчид зөвхөн олимпын наадамтай холбоотой байгууламжуудын хооронд тусгай тээврийн хэрэгслээр зорчих юм.

Өвлийн олимпын наадам хоёрдугаар сарын 4-нд эхлэх бол вакуум систем нэгдүгээр сарын 23-нд эхэлж, гуравдугаар сарын 13-нд паралимпын өвлийн наадам өндөрлөх хүртэл бараг хоёр сарын турш үргэлжлэх юм байна.

Бээжингийн Өвлийн Олимпын наадам хоёрдугаар сарын 4-нөөс 20-ны өдрүүдэд үргэлжлэх бол Паралимпын Өвлийн Наадам гуравдугаар сарын 4-нөөс 13-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Бээжин 2022 нь цар тахлын үед зохион байгуулагдаж буй хоёр дахь олимпын наадам юм.

 

Эх сурвалж: Associated Press