Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Үр тарианы хураалт 18%-ийн явцтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн түвшинтэй ижил байна

Н.Урантулга, iKon.mn
2021 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнөөдрийн байдлаар үр тарианы хураалт 18%, төмс, хүнсний ногооны хураалт 57%-ийн явцтай байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Өнөөдрийн байдлаар 50.7 мянган га талбайг ангилан хадаж, 72.3 мянган га-гаас 105.8 мянган  тонн үр тариа, 11.6 мянган га-гаас 108.7 мянган тонн төмс, 5.1 мянган га-гаас 60.6 мянган тонн хүнсний ногоо, 14.2 мянган  га-гаас 36.6 мянган тонн тэжээлийн ургамал, 13.9 мянган га-гаас 8.9 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байгаа аж.

Ургац хураалт өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байгаа бөгөөд 1,787 цэрэг, 1,871 оюутан, 7,234 халамжийн болон гэрээт ажилтан, нийт 10,892 хүн хөдөлмөрийн гэрээгээр ургац хураалтад ажиллаж байна.

Ургац хураалт үргэлжилж байгаа ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадастай байх нь. Маргааш баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, аравдугаар сарын 1-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас, 2-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд зүүн аймгуудын ихэнх нутаг болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно.

Салхи ихэнх хугацаанд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Аравдугаар сарын 1, 3-нд нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарах урьдчилсан төлөв гарчээ.