Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дэниэл Крэйгийн сүүлчийн “Жэймс Бонд” нээлтээ хийж, Их Британийн язгууртнууд оролцжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн цар тахлын улмаас олон удаа хойшлогдсон Жэймс Бондын цувралын сүүлийн кино “No Time to Die” өчигдөр Лондон хотод нээлтээ хийжээ.

Бондын цувралын 25 дахь кинонд жүжигчин Дэниэл Крэйг сүүлчийн удаа 007 дугаартай тагнуулчийн дүрийг бүтээсэн юм. Уг бүтээл 2020 оны дөрөвдүгээр сард нээлтээ хийх төлөвлөгөөтэй байсан ч хойшилсоор өнөөдрийг хүрсэн байна.

Одоо 53 настай Крэйг нийт таван удаа Жэймс Бондын дүрийг бүтээснээс хамгийн анхных нь 2006 онд гарсан “Casino Royale” байв.

Сүүлийн удаа Бондын дүрийг бүтээсэндээ ямар сэтгэгдэлтэй байгааг сэтгүүлчид асуухад Крэйг “Сайхан байна” гэж хариулсан бол өөрийг нь хэн залгамжлахыг асуухад “Энэ миний асуудал биш” хэмээн хариулжээ.

Нээлтэд Крэйгээс гадна эсрэг дүрд тоглосон Рами Малек, анхны хар арьст эмэгтэй тагнуулын дүрд тоглосон Лашана Линч, Бондын найз бүсгүйн дүрийг бүтээсэн Францын жүжигчин Леа Сэйду нар оролцсон байна.

”No Time to Die” киноны нээлтэд Их Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльз, гэргий Камиллагийн хамт, ханхүү Уилльям, гэргий Кэйтийн хамт ирсэн байна.

Язгууртнуудаас гадна Британийн эрүүл мэндийн салбарын ажилтнууд, зэвсэгт хүчний төлөөлөл киноны нээлтэд уригдсан нь тэдний цар тахлын үеийн хичээл зүтгэлийг үнэлсэн хэрэг байв.

“No Time to Die” кино есдүгээр сарын 30-наас Их Британийн кино театруудаар гарч эхлэх юм.

 

Эх сурвалж: Associated Press