Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Нэтфликсийн “Squid Game” цувралд гардаг утасны дугаарыг 100 сая воноор худалдаж авах санал тавьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Нэтфликсийн шилдэг шоуны жагсаалтыг сүүлийн үед дэлхийн үзэгчдийг байлдан дагуулах болсон Өмнөд Солонгосын “Squid Game” цуврал тэргүүлж байгаа.

Уг бүтээлд нэгэн нууцлаг эрэгтэй маш өндөр шагналтай ч амь насанд эрсдэлтэй тэмцээнд оролцохыг хүсвэл холбоо барих нэрийн хуудсаа гол дүрийн жүжигчинд өгдөг.

Нэрийн хуудсан дээр найман оронтой гар утасны дугаар бичигдсэн байдаг ажээ.

Гэтэл энэхүү дугаар нь Өмнөд Солонгосын Гёнги мужийн нэг иргэний бодит дугаар байсан гэнэ. “Squid Game” цуврал цацагдаж эхэлсний дараа түүний гар утас өдөр шөнөгүй дуугардаг болсон байна. Мессэжийг тооцолгүйгээр өдөрт дунджаар 4,000 дуудлага хүлээж авах болсноо тэр MBC сувагт ярьжээ.

Эхнэрийнх нь утасны дугаар өөрийнхөөс нь сүүлчийн нэг орноор ялгаатай тул бас асар олон дуудлага, мессэж хүлээж авах болсон байна.

Цувралыг бүтээсэн компани асуудлыг шийдэхээр дугаарын эзэнтэй ярилцаж байгаа тухай Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлжээ.

Гэтэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй улс төрч Ху Кюн Юн энэхүү дугаарыг нь 100 сая воноор ($85,000) худалдаж авах санал тавьж байгаагаа өнгөрсөн Ням гарагт Фэйсбүүк хуудсандаа бичсэн байна.

Популист амлалтуудаараа сонгогчдыг татах аргатай Үндэсний Хувьсгалт Намын хүндэт дарга Ху Кюн Юн 1997 оноос хойш олон сонгуульд дараалан нэр дэвшиж байжээ. Хамгийн сүүлд тэр Сөүл хотын захирагчийн сонгуульд өрсөлдөөд 1.07 хувийн саналаар гуравдугаарт жагсаж байв.

Энэ удаа тэр цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх зорилгоор насанд хүрсэн хүн бүрт 100 сая вон нэг удаа олгох амлалт өгсөн байна. Олны анхаарлын төвд орсон утасны дугаарыг тэр сонгуулийн сурталчилгаандаа ашиглах нь тодорхой юм.

 

Эх сурвалж: Korea Times