Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Отгонболд: Гурав дахь буюу сэргээх тун хийлгэснээр халдвар аваад байна гэдэг ташаа мэдээлэл

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
ulaanbaatar.mn

Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл сайжрах эсэх талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Ж.Отгонболдоос тодрууллаа. 

Тэрбээр "Иргэдийн дунд гурав дахь буюу сэргээх тун хийлгэснээр халдвар аваад байна гэх ташаа мэдээлэл гарчээ. Улсын хэмжээнд гурав дахь тунд 288 мянган иргэн хамрагдсанаас 0.15 хувь нь буюу 380 хүн халдвар авсан байна. Мөн гурав дахь тунг хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл сайжирч, халдвар авсан ч хүндрэхгүй.

Гурав дахь тунгийн дархлаажуулалт эхлээд 20 хонож байгаа ч иргэд эхний хоёр вакцинд хамрагдсан шиг идэвхтэй биш байна. Дархлаажуулалт нь сайн дурынх гэдэг утгаар иргэд хойрго хандах байдал харагдаж байна. Манай улсын хэмжээнд сайдын тушаал гарснаас хойш нийслэлийн иргэдийн 11 хувь нь гураь дахь тунгийн дархлаажуулалтад хамрагдаад байгаа юм.

Гэвч сэргээх тун буюу гурав дахь тун хийлгэх нь коронавирусээс сэргийлэхэд нэн тустай гэдгийг онцолмоор байна. Дэлхийн улс орнуудын туршлагаас харсан ч гурав дахь тунг чухалчилж байна.

Гурав дахь тун нь өмнө хийгдсэн хоёр тунгийн нөлөөгөөр биед бүрэлдсэн эсрэг биетийг сэргээх онцлогтой.

Өөрөөр хэлбэл, гурав дахь тунг хийлгэснээр өмнөх хоёр тунгийн нөлөөлөл улам сайжирна. Тиймээс иргэд та бүхнийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Дархлаажуулалтын цэгүүд хэвийн ажиллаж байгаа" гэв. 

Вакцины хоёр дахь тунд хамрагдаад 90 хоног буюу гурван сар болсон иргэд сэргээх тун буюу гурав дахь тунд сайн дурын үндсэн дээр хамрагдана. Харин коронавирусийн халдвар авч өвдөөд эдгэсэн иргэд хоёр сар буюу 60 хоногийн дараа сэргээх тун хийлгэх боломжтой.