Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахал гарснаас хойш нэг хоногийн хугацаанд хамгийн олон хүн COVID-19 халдвараар нас барлаа

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн хоногт COVID-19 халдварын улмаас 19 хүн нас баржээ.

Тодруулбал, 61-80 насны 16, 80-аас дээш насны гурван хүн коронавируст халдварын хүндрэлээр хорвоог орхилоо.

Тэдний нэг нь зөвхөн коронавируст халдварын шалтгаанаар эндсэн бол 18 нь уг өвчнөөс гадна архаг хууч өвчин хавсарсан байсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Ийнхүү цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг хоногийн хугацаанд хамгийн олон хүн COVID-19 халдвараар эндсэн тохиолдол болж байна.

Хамгийн сүүлд есдүгээр сарын 25-нд эндэгдэл дээд хэмжээнд бүртгэгдсэн нь албаны эх сурвалжийн мэдээлэлд дурдагджээ.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Сүүлийн өдрүүдэд эмнэлгийн ачаалал дээд хэмжээнд хүрч, COVID-19-ийн халдвартай 22,000 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх болсон.

Өнөөдрийн байдлаар уг өвчний улмаас 65,419 хүн гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байгаа бол 21,501 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 9,577 нь буюу 44.5 хувь нь биеийн байдал хүндээс маш хүнд хэлбэрт байгаа юм.

График. /COVID-19 халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоо, 2021 оны дөрөвдүгээр сараас хойш/