Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын төрийн тэргүүн эх орноо нэгтгэхэд хамтран ажиллахыг Тайваний сөрөг хүчинд уриалжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин өчигдөр Тайваний Коминтаны намын шинэ даргаар сонгогдсон Эрик Чуд баяр хүргэсэн захиа илгээжээ.

Коминтаны нам нь одоо Тайваны парламентад сөрөг хүч болдог бөгөөд Бээжингийн засгийн газартай найрсаг харилцаатай  байх бодлого баримталдаг юм.

Тус намаас 2008-2016 онд сонгогдон ажилласан ерөнхийлөгч Ма Ин Жоугийн засаг захиргааны үед талуудын харилцаа сайжирч, Ши Жиньпин, Ма Ин Жоу нар 2015 онд Сингапурт уулзаж байсан түүхтэй.

Харин 2016 оны сонгуулиар тусгаар тогтнолын үзлийг баримтлагч Ардчилсан Дэвшилтэт Намын Цай Ин Вэн ерөнхийлөгч болсноор харилцаа эргээд муудсан байна.

Тэр үеэс хойш Бээжингийн эрх баригчид Тайваньд үзүүлэх цэрэг зэвсгийн, дипломат харилцааны болон эдийн засгийн дарамт шахалтаа нэмэгдүүлсэн юм.

Ши Жиньпин баярын захидалдаа “Тайваний хоолойн хоёр талын найрамдалт харилцааг дэмжих үүднээс манай хоёр нам өмнө нь “1992 оны зөвшилцөл”-ийг хийж, Тайванийг тусгаар тогтнуулах санааг эсэргүүцэж байсан билээ” гэж бичжээ.

Тэрбээр захидалдаа Тайваний хоолойн нөхцөл байдал улам бүр муудаж, нарийн түвэгтэй болж байгааг анхааруулаад улс орноо тайван замаар нэгтгэхэд хамтран ажиллахыг Коминтаны намд уриалсан байна.

Тайвань арлыг Хятад улс өөрийн газар нутгийн салшгүй хэсэг хэмээн үзэж, шаардлагатай бол зэвсгийн хүчээр нэгтгэхээ байнга илэрхийлдэг.

Хятадын Коммунист Нам, Тайваний Коминтаны Нам хоёр 1992 онд “Нэг Хятад” зарчмыг дэмжиж ажиллахаар тохиролцсон ч хэн нь Хятад улсыг дэлхий дахинд төлөөлөх талаар тодорхой дурдаагүй байдаг.

Сүүлийн жилүүдэд Хятад улсын зүгээс Тайваньд үзүүлэх цэрэг зэвсгийн дарамт шахалт улам нэмэгдэж байгаа. Өнгөрсөн онд Хятадын байлдааны нисэх онгоцнууд 380 удаа Тайваний агаарын бүсэд халдсан нь түүхэнд байгаагүй өндөр тоо юм.

Өнгөрсөн долоо хоногт Тайпэйн эрх баригчид Номхон далайн орнуудын худалдааны хэлэлцээрт (Trans-Pacific trade deal) нэгдэх санал гаргасны дараа Пүрэв гарагт Хятадын 24 байлдааны нисэх онгоц Тайваний агаарын орон зайд нэвтэрсэн байна. Тэдгээрийн хоёр нь цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай бөмбөгдөгч онгоцнууд байжээ.

 

Эх сурвалж: AFP