Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Исландчууд Европын анхны эмэгтэйчүүд давамгайлсан парламенттай улс болох боломжийг шүүрээд алдав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Исланд улсад болсон парламентын сонгуулийн саналыг Ням гарагт тоолоход 63 суудлын 33-ыг нь (52 хувь) эмэгтэй нэр дэвшигчид эзэлсэн байна. Ингэснээр Европын түүхэнд анх удаа Исланд нь эмэгтэйчүүд давамгайлсан парламенттай улс болох болзлыг хангажээ.

Гэвч зарим тойргуудад нэр дэвшигчдийн авсан саналын тоо маш ойрхон байснаас дахин тооллого явуулахад 30 суудал эмэгтэйчүүдэд оногдож, эхний тооллогын үр дүн хүчингүй болсон байна.

Өөрөөр хэлбэл парламентын 63 суудлын 47.6 хувь нь эмэгтэй нэр дэвшигчдэд оногджээ.

Өнөөдрийн байдлаар Европ тивд парламентын суудлын 50 хувийн босгыг эмэгтэйчүүд давсан улс орон байхгүй байгаа. Энэ босгод хамгийн ойр яваа улсад Швед (47 хувь) тооцогддог байжээ.

Исланд улсын парламентад эмэгтэйчүүдэд зориулсан квот байдаггүй. Харин зарим улс төрийн намууд нь нэр дэвшигчдийн тодорхой хувь эмэгтэйчүүд байх дотоод журамтай юм.

Тус арал улс хүйсийн тэгш эрхийн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. Дэлхийн Эдийн Засгийн Чуулганаас гаргадаг хүйсийн тэгш эрхийн тайланд Исланд улс 12 дахь жилдээ тэргүүлж байгаа.

Бүр 1961 онд эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил түвшний цалинтай байх хуулийг Исландад баталж байжээ.

Бас 1980 онд дэлхийн анхны эмэгтэй ерөнхийлөгчтэй улс болж байв.

Одоогоор дэлхийн таван улсын парламентад эмэгтэйчүүд 50-аас дээш хувийг бүрдүүлдэг байна. Тухайлбал Руанда улсын парламентын гишүүдийн 61.3 хувийг, Кубын 53.4, Никарагуа улсын 50.6, Мексик, Арабын Нэгдсэн Эмират улсуудын 50 хувийг тус тус эмэгтэйчүүд бүрдүүлдгийг Inter Parliamentary Union байгууллагаас гаргасан тоо баримт харуулж байна.

 

Эх сурвалж: BBC