Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

SpaceX-ийн анхны сансрын жуулчдын хамгийн том бэрхшээл жорлон байжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Саяхан АНУ-ын SpaceX компани түүхэнд анх удаа дан жуулчдаас бүрдсэн багийг сансрын уудамд амжилттай аялуулсан билээ.

Inspiration4 нэртэй тус багийн дөрвөн гишүүн дэлхийн тойрог замд гурав хонохдоо 4 метрийн өргөнтэй Crew Dragon хөлгийн давчуу бүхээгт цугтаа байсан юм.

Багийн ахлагч, тэрбумтан Жаред Айзакмэн саяхан хэвлэлд ярихдаа аяллын үеэр тохиолдсон хамгийн том асуудал нь жорлон байсныг хүлээн зөвшөөрчээ.

Тодруулбал нислэгийн үеэр түгшүүрийн дохио нэг удаа дуугарсан нь жорлонтой холбоотой байсан гэнэ. Жингүйдлийн орчинд хүн бие засахад ялгадсыг тусгай техникээр соруулдаг.

Ингэхгүй бол ялгадас агаарт хөвж эхэлдэг байна. Тухайн үед жорлонгийн соруулдаг сэнс механик гэмтлийн улмаас ажиллахгүй болсон нь түгшүүрийн дохио дуугарах шалтгаан болжээ.

Inspiration4 төслийн удирдагч аяллын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр ярихдаа жорлонтой холбоотой асуудал үүссэнийг хүлээн зөвшөөрсөн ч яг ямар хүндрэл үүссэн тухай дэлгэрүүлээгүй байна. Үүний дараа сансрын жуулчдыг эвгүй байдалд оруулах хүндрэл тохиолдсон байж болзошгүй гэсэн сэжиг таамаг хүмүүсийн дунд яригдаж эхэлжээ.

Айзакмэн ярилцлагадаа үүнийг няцааж, “Би 100 хувь тодорхой хэлье. Уг гэмтлээс болж манай багийнханд ямар нэг ноцтой асуудал үүсээгүй” гэж хэлсэн байна.

Жорлонгоос гадна тохиолдсон нэг бэрхшээл нь харилцаа холбооны тасалдал байсныг тэр бас ярьжээ.

“Бидний аяллын нийт хугацааны 10 орчим хувьд бид дэлхийгээс холбоо тасарч байсан. Гэхдээ бид энэ үед айж сандралгүй, тайван байж чадсан” гэж Айзакмэн ярьсан юм.

Хүн төрөлхтөн сансарт нисэж эхэлсэн хагас зууны түүхэнд жорлонгийн асуудал байнга яригддаг байжээ.

Тухайлбал 1969 оны Apollo 10 багийн аяллын зургаа дахь өдөр сансрын нисгэгч Томас Стаффорд хэсэг ялгадас бүхээгийн агаарт хөвж явааг дэлхий рүү мэдээлж байсан гэнэ.

“Надад хурдан алчуур өгөөрэй” гэж Стаффордыг хэлснээс хэдхэн минутын дараа багийн өөр нэг гишүүн Южин Сернан “Энд бас нэг хараал идсэн баас явж байна” гэж хэлж байсныг нууцаас ил гаргасан засгийн газрын баримт бичигт тэмдэглэжээ.

NASA өнгөрсөн оны зургаадугаар сард сар руу хийх аяллын хөлөгт зориулсан жорлонгийн шилдэг загвар шалгаруулах $35,000-ын шагналын сантай “Lunar Loo Challenge” уралдааныг зарлаж байв.

 

Эх сурвалж: CNN