Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Цар тахалтай "тэрсэлдэн" чуулсан НҮБ-ын Ассамблей

Б.Оюунчимэг, iKon.mn
2021 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс НҮБ-д 1962 оны аравдугаар сарын 27-ны өдөр 101 дэх гишүүн орноор элссэнээс хойш 60 дахь жилтэйгээ золгох гэж байна.

Манай улс НҮБ-ын үйл ажиллагааны хүрээнд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах, зэвсэг хураах, энхийг сахиулах, ардчилал, боловсрол, жендэрийн эрх тэгш байдал, хоршооллын хөгжил, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын тусгай хэрэгцээ шаардлагыг хангах, уур амьсгалын өөрслөлтөд дасан зохицох зэрэг олон салбарт идэвхтэй ажиллаж 20 орчим асуудлаар Ерөнхий Ассамблейн 90 гаруй тогтоолыг санаачлан батлуулжээ.

Өнгөрсөн хугацаанд НҮБ-тай дараах таван тогтоолыг батлуулаад байгаа юм.

  1. Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай
  2. Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай
  3. Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай
  4. Бичиг үсгийн боловсролын тухай
  5. Ардчиллын боловсролын тухай.

Цар тахлын үед АНУ-ын Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх биечлэн оролцсон нь онцлог байв. Бүх гишүүн улсаас бүрдэх Ерөнхий Ассамблейд улс бүр нэг саналын эрхтэй бөгөөд НҮБ-тэй холбоотой бүх асуудлыг хэлэлцдэг байна. 

Монгол Улсын төрийн тэргүүн НҮБ-ын чуулганд оролцсон болон энэ үеэр хийсэн зарим уулзалт, шийдвэрүүдийг тоймлон хүргэж байна.

Гэрэл зургийг Г.Ган-Өлзий

НҮБ нь 19 гишүүн оронтой. Үүнээс 100 гаруй улсын төр, засгийн тэргүүн уг чуулганд оролцож өөрийн оронд тулгарч буй асуудлын талаар Ассамблейн чуулганы үеэр хэлэлцлээ.

Монгол Улсын хувьд КОВИД-19 болон шар шороон шуурга, цөлжилтийн эсрэг авч хэрэгжүүлэх, энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогоо НҮБ-ын индрээс зарласан мэдэгдлээс онцолбол:

Цар тахал

Бүс нутагтаа ардчиллын “Баян бүрд” гэж нэрлэгддэг Монгол Улс хөл хорионоос үүдсэн хүний эрхийн асуудалд анхааралтай хандаж байна.

Монгол Улс болон Азийн олон улс орон ийм зөрчилд хүрэлгүйгээр КОВИД-19-ийн хүндрэлтэй үеийг даван туулж байгаа нь хамтач дорно дахины соёлын онцлог давуу тал.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд дэлхийн 138 улсад 190 сая тун вакцин нийлүүлээд байгаа нь бага, дунд орлоготой орны иргэдэд хүрсэн үнэлж баршгүй дэмжлэг. 

Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих нь Монгол Улсын эдийн засгийн суурь зорилт хэвээр байх болно.

Цөлжилт

 

Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байна.

Цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал.

2030 он гэхэд Монгол Улсад тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж эхэллээ.

Ирэх 11 дүгээр сард Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын  талуудын 26 дугаар бага хурлыг зохион байгуулахаар болсон.

Энхийг сахиулах ажиллагаа

Монгол Улс 2002 оноос хойш дэлхийн гурван тив дэх НҮБ-ын энхийг сахиулах 13 ажиллагаанд 20 орчим мянган цэнхэр дуулгатнаа оролцуулаад байгаа.

Цаашид Түргэн байрлах хүчний рот, Инженерийн рот, Цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийг шинээр оролцуулахаар төлөвлөж, ажиллагааны газар оронд илгээх бэлтгэлээ базааж байна.

НҮБ-ын  энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба хаагчдын тоог нэмэгдүүлж 15 хувьд хүргэх чиглэлийг баримталж байна гэлээ.

НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч 122 орноос Монгол Улс 24 дүгээрт байна.

НҮБ-д татвар төлсөн хэмжээ

Манай улс НҮБ-ын гишүүний татварт төсвийнх нь 0.005%-тай тэнцэх хэмжээний татварыг төлдөг. 

НҮБ гишүүн орнуудын хандив, татвараар санхүүждэг бөгөөд төлөх татварын хэмжээг тусгай байгууллага  үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээнд нь үндэслэн хоёр жил тутам шинэчлэн тогтоодог байна.

НҮБ-ын зардлын дийлэнх нь энхийг сахиулах үйл ажиллагаанд зориулагддаг аж.

Уулзалтууд

Буянт-Ухаад хүмүүнлэгийн агуулах, нийлүүлэлтийн логистикийн төв барихад НҮБ дэмжлэг үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй уулзалт хийв. Энэ үеэр хоёр гол асуудлыг хөндөж ярилцсан юм.

  1. Улаанбаатар хот, Буянт-Ухаад Монгол Улсад хүмүүнлэгийн агуулах, нийлүүлэлтийн логистикийн төв барих асуудлыг тавьж, дэмжлэг үзүүлэхийг НҮБ-ын зүгээс нааштай хүлээн авсан.
  2. НҮБ-ын бүх системийн байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцдогийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш дахин нотолсон юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш "Улс орнууд илүү сайн ойлголцож, бие биеэ дэмжиж, хамтарч ажиллахгүй бол наад захын хүндрэл бэрхшээлд бүдрэх юм байна гэдэг сургамжийг өнгөрсөн хоёр жилд авсан. Тиймээс тодорхой ажлуудыг ярьж, дэлгэрэнгүй санал солилцон, байгаа механизмуудаа дээд зэргээр ашигласнаар цар тахал болон байгалийн гамшгийг  даван туулах ёстой"-г илэрхийлсэн байна.

Тэрбээр Ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авч, Монгол Улсад айлчлах талаар ажиллахаа мэдэгджээ.

Монгол Улсад буй чадавхыг ашиглан Тогтвортой хөгжлийн бодлогыг чиглүүлэхэд туслахад бэлэн

АНУ-ын эдийн засагч, Колумбийн их сургуулийн тогтвортой хөгжлийн төвийн захирал Жеффри Саксын санаачилсан "Тогтвортой хөгжлийн төлөөх санаачилга хөдөлгөөн"-д МУИС болон зарим их, дээд сургууль элссэн байдаг.

Энэ хөдөлгөөний хүрээнд түүнийг Монгол Улсад урьж, Тогтвортой хөгжлийн талаарх бүс нутгийн форумыг Монгол Улсад зохион байгуулах санал дэвшүүлж, их, дээд сургуулиудад лекц унших боломжийн талаар ярилцсан  байна.

Жеффри Сакс "Монгол Улсад буй чадавхыг ашиглан Тогтвортой хөгжлийн бодлогыг чиглүүлэхэд туслахад бэлэн. Та бүхний ажлыг дэмжинэ" гэдгээ мэдэгджээ.

Польш улсын ЭСЯ Монгол Улсад дахин нээгдэх гэж байна

Польш улсын ерөнхийлөгч Анджэй Дудатай хийсэн уулзалтаар "Ойрын хугацаанд тус улсын Гадаад харилцааны сайд манай улсад айлчлах талаар төлөвлөгөөтэй байгаа. Польш улсын ЭСЯ Монгол Улсад дахин нээгдэх гэж байна. Ойрын хугацаанд өндөр түвшний айлчлал хийж, ЭСЯ-аа Улаанбаатарт албан ёсоор нээх болсон" гэдгээ мэдэгдсэн.

Ногоон хөгжлийн талаар Засгийн газартай зарим тохиролцоонд хүрсэн

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер Ногоон хөгжлийн талаар Монгол Улсын Засгийн газартай зарим тохиролцоонд хүрч, гарын үсэг зурсан тухай мэдээг дуулгалаа.

Тэрбээр Монгол Улсад суугаа НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газар харилцан ойлголцолд суурилдаг хамтын ажиллагаатай болохыг онцолсон.

Цаашдаа бие биенийгээ нягт ойлгож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд ч яригдаж байгаа гол сэдвийн нэг. Монгол Улстай хамтарч ажиллахад бэлэн байгаагаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штайнер дахин илэрхийлсэн юм.

Цахим орчинд ч тусгаар тогтнол, халдашгүй, аюулгүй байдал хангагдсан байх ёстой

Эстони улс төрийн үйлчилгээний дийлэнхийг цахимжуулсан бөгөөд кибер аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж байгааг тус улсын Ерөнхийлөгч хатагтай Керсти Кальюлай уулзалтын үеэр онцолжээ. Үүнээс улбаалаад гадны халдлага их гардаг байна.

Аливаа улсын халдашгүй, бүрэн эрхт байдал уламжлалт аргаар хамгаалагдахаас гадна цахим орчинд ч тусгаар тогтнол, халдашгүй, аюулгүй байдал хангагдсан байх ёстой гэсэн байр суурьтай байдаг аж.

Энэ асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн түвшинд хэлэлцэж, уриа гаргуулахаар ажиллаж байгааг дурджээ.

Эстони, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож буйтай холбогдуулан соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгааг дурдахад, хамтарч ажиллах хүсэлтэй байгааг мэдэгдсэн байна.

Мөн хоёр орны инновац, мэдээллийн технологи болон боловсролын салбарт хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Өмнөд Хятадын тэнгис дэх маргааны асуудлаар байр сууриа илэрхийлж байхыг хүслээ

Дайны хүнд хэцүү цагт Монгол Улсын үзүүлж байсан тусламж, дэмжлэгийг сайнаар дурсаж явдаг, ахан дүүсийн харилцаатай улсууд гэдгийг БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Суан Фук тэмдэглэв.

Өмнөд Хятадын тэнгис дэх маргааны асуудлаар дүрэмд суурилсан зохицуулалт, энхийн шугамаар шийдэх шийдлийг эрхэмлэдэг гэдгээ  хэлээд, энэ чиглэлээр Монгол Улс байр сууриа илэрхийлж байхыг хүслээ.

Уулзалтын үеэр худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тээврийн нөхцөлийг сайжруулах болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хамтрах боломжийн талаар санал солилцов.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар

 

АНУ дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын байр Нью Йорк хотын Манхеттанд байрладаг бөгөөд таван давхар барилгыг 1962 онд машин, тамхины үйлдвэртэй чинээлэг хүнээс худалдан авч байсан сонирхолтой түүхтэй аж.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайдаар В.Энхболд ажиллаж байна. Хуульд өөрчлөлт орсноор Байнгын төлөөлөгчийн газарт суух Элчин сайдыг УИХ-аар хэлэлцэн томилдог болжээ.

Байнгын төлөөлөгчийн газар:

  • Байнгын төлөөлөгч, Элчин сайд
  • Байнгын төлөөлөгчийн орлогч
  • Цэргийн зөвлөх /Батлан хамгаалах яамнаас томилогддог/
  • Хууль эрх зүй хариуцсан /ГХЯ-наас томилогддог/ зэрэг найман дипломат ажилтантай.

Монгол Улсаа төлөөлж буй дипломат ажилтнууд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн зургаан хороог хариуцдаг.

Улс төр, цэрэг, энхийг сахиулах, эдийн засаг, нийгэм, хүний эрх, хүний нөөц, төсөв санхүү, эрх зүйн хороо гэсэн чиглэлээр асуудлаа хариуцан ажиллаж, дуу хоолойгоо сонсгох индэр болдог байна.

АНУ-ын хамгийн том урлагийн музей

150 жилийн түүхтэй АНУ-ын хамгийн том урлагийн музей Нью Йорк хотын алдарт Тавдугаар өргөн чөлөөнд байрладаг. 

Сонирхуулахад уг музей нь хоёр сая орчим үзмэртэй, үндсэн 17 хэсэгт хуваагддаг. Дэлхийн хамгийн их үзэгчтэй 9 дэх музейгээр шалгарчээ.

Үзмэрүүдэд эртний Египетийн болон сонгодог бүтээлүүд, Европын нэрт мастеруудын уран зураг, баримал болон Америкийн орчин үеийн цуглуулгаас бүрддэг байна. Мөн Ази, Африк, далайн орнуудаас гадна Византийн болон Исламын урсгалыг төлөөлөх урлагийн өргөн хүрээг хамарсан бүтээлүүд тавигджээ.

Манай эриний нэгдүгээр зууны үеийн Ромоос эхлээд орчин үеийн Америкийн дизайны урлагийн загвараар зарим галлерейн танхимыг дүрслэн чимэглэжээ. 

НҮБ-ын чуулганы эргэн тойронд болон цар тахлын эсрэг дэглэм

Цагдаагийн хамгаалалт

Хэдийгээр цар тахлын үеийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган халдвар хамгааллын дэглэмийн дор цөөн оролцогчтой явагдаж, цагдаагийн өндөр хамгаалалттай байсан ч НҮБ-ын дэргэдэх Монгол Улсын Суурин төлөөлөгчийн газрын хамт олон болон Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаныхан биднийг мэдээлэл олж авах бүх боломжийг бүрдүүлсэн юм.

 Нью Йоркт вакцинд хамрагдсан гэрчилгээг үндэслэн үйлчилгээ үзүүлж байна

Нью Йорк хотын иргэд гадна орчинд амны хаалт зүүх нь цөөн харагдаж байсан ч дотоод орчинд амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийг мөрдөн, үзвэр, үйлчилгээний байгууллагууд вакцинд хамрагдсан гэрчилгээг үндэслэн оруулдаг юм байна.

Сонирхуулахад, АНУ-д коронавирус илрүүлэх PCR-ийн шинжилгээг арай өөр хэлбэрээр авдаг байна. Тодруулбал, сорьцыг авахдаа тухайн хүнийг гэдийлгэхгүй, тэгш суулгаж байгаад богино хэмжээтэй бамбар ашиглан хамрын хоёр нүхнээс авдаг нь зовлон багатай санагдав.

Ийнхүү цар тахалтай тэрсэлдэн зохион байгуулсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулган өндөрлөлөө. Улс орнууд энх тайван, уур амьсгалын өөрчлөлт, жендэр, мэдээллийн технологи, залуу хойч үеийнхэн болон баян ядуугийн ялгааг үндэсний болон олон улсын хэмжээнд улс орнуудын хооронд арилгах үүрэг өвөртлөн буцлаа.