Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хамгийн сайн түвшинд хүргэх арга зам нь их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бүрдүүлэх"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 9 сарын 24
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол, Японы эмнэлгийг албан ёсоор АШУҮИС-ийн харьяанд шилжүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Ингэснээр Монгол Улсад их сургуулийн эмнэлгийг тогтолцоог төлөвшүүлэх хөгжүүлэх түүхэн үйл явдал болж байгааг холбогдох албаныхан онцолж байгаа юм. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Аль ч улсын хамгийн сайн эмнэлэг нь тухайн орны анагаахын их сургуулийн эмнэлэг байдаг. Тиймээс Монгол Улсад хамгийн сайн эмнэлгийг бий болгох арга зам нь их сургуулийн эмнэлгийг хөгжүүлэх гэж харж байгаа. 

Учир нь тэнд хамгийн сайн эмч, чадварлаг судлаач, багш, эмнэлгийн ажилтнууд ажиллаж, тусламж үйлчилгээг хүргэхийн зэрэгцээ судалгаа шинжилгээг хийн цогцоороо ажилладагтай холбоотой" хэмээн ёслолын ажиллагааны үеэр онцолж байлаа.

Мөн тэрбээр монголчууд гадаад улсад эмчилгээ үйлчилгээ хийлгэхэд жилд 120-140 сая ам.доллар зарцуулж байгааг дурдаад энэ мөнгийг эх орондоо үлдээхийн тулд их сургуулийн эмнэлгийг хөгжүүлэх шаардлагатайг тэмдэглэн хэлэв.

Н.Хүрэлбаатар: Монгол, Японы эмнэлгийн ажилтнуудын цалинг аравдугаар сард 15 хувь нэмнэ

 
Гэрэл зургийг mpa.mn

АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар "Их сургуулийн эмнэлэгт сургалтын үйл ажиллагаанаас гадна эрдэм шинжилгээ, судалгааны ажил, эмнэлгийн тусламж зэрэгцэн цогцоороо явах боломжтой. Тухайлбал, тэнхим болон тасгийг нэг зохион байгуулалттай болгоно. Их сургуулийн багш болон эмч, ажиллагсдын цалингийн зөрүү 60 хувь байгаа. Үүнийг үе шаттайгаар нэмнэ. Тооцооллын дагуу тус эмнэлгийн ажилтнуудын цалинг аравдугаар сард 15 хувиар нэмэхээр төлөвлөсөн" гэлээ. 

Түүнчлэн сайд Л.Энх-Амгалан Монгол, Японы эмнэлгийн ажилтнуудын цалинг гурван жилийн хугацаанд АШУҮИС-ийн багш, эмч, профессоруудын цалинтай эн тэнцүү болгох үүргийг АШУҮИС-ийн удирдлагууд хүлээж байгааг онцлоод ​"Японы ард түмний сайхан сэтгэл, буцалтгүй тусламжаар барьж өгсөн эмнэлэг нь монголчуудын хүсэж мөрөөддөг чанартай үйлчилгээтэй, баталгаатай ажлын байртай эмнэлэг болоосой гэж хүсэж байна" хэмээлээ.

С.Энхболд: Төгсөлтийн дараах резидентийн сургалтыг нэгдсэн бодлогоор хөгжүүлнэ

 
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоонд их сургуулийн эмнэлгийг төлөвшүүлэхэд Япон улсын буцалтгүй тусламжаар баригдсан энэхүү эмнэлэг нь чухал үүрэг гүйцэтгэнэ" хэмээн онцлоод коронавирусийн халдварт цар тахлын үед эмнэлзүйн удирдамж боловсруулах, эмч мэргэжилтэнг бэлтгэх, сургалт зохион байгуулахад АШУҮИС-ийн эрдэмтэн, профессор, судлаачид, багш нар манлайлан оролцсоныг онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр монгол эрдэмтэд шүлснээс коронавируст халдвар илрүүлэх оношлуур бүтээж, Молекул биологийн лаборатори байгуулсан нь ачааллын ихээхэн хувийг үүрэлцэж байгаад болон цар тахлын үед яаралтай тусламж, эрчимт эмчилгээг олон улсын түвшинд чанартай үзүүлж байгаад талархлаа илэрхийлсэн юм.

Түүнчлэн сайд С.Энхболд төгсөлтийн дараах резидентийн сургалтыг нэг бодлогоор хөгжүүлэхээр Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран ажиллахаа мэдэгдлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn