Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

О.Дашпагма: Гуравдугаар тунд 280 мянга гаруй иргэн хамрагдаад байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн бага хуралд ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма оролцож, вакцинжуулалттай холбоотой мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Манай улсад КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалт энэ оны хоёрдугаар сараас эхлээд зохион байгуулагдаж байна. Энэ хугацаанд өнөөдрийн байдлаар нийт хүн амынхаа 69 хувийг вакцинд хамруулсан. 12-оос дээш насны хүн ам буюу зорилтот бүлгийн 95 хувийг нэгдүгээр тунд, хоёрдугаар тунд 90 хувийг нь хамруулаад байна.

Хэдийгээр вакцинжуулалт 95 хувиас дээш хамрагдалттай явж байгаа ч вакцинд хамрагдсан иргэдийн тав орчим хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаагүй байгаа юм. Вакцины бүрэн тунд хамрагдаж байж өвчлөл буурах боломжтой. Наймдугаар сараас эхлээд гурав дахь тунгаар вакцинжуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулсан.

Эмч, эмнэлгийн ажилчид, ахмад настан, дархлаа дарангуйлагдсан иргэнийг вакцинжуулахаар ажлыг үе шаттайгаар явуулж байгаа. Гуравдугаар тунд нийт 280 мянга гаруй иргэн хамрагдсан. Энэ нь хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн 12 хувийг эзэлж байна. Гурав дахь тунд хамрагдсан иргэдийн 10 орчим хувь нь Vero Cell, ес орчим хувь нь АстраЗенека, 80 орчим хувь нь Pfizer вакцин хийлгэсэн.

Мөн жил бүр томуугийн эсрэг вакциныг зорилтот бүлгийн хүн амд зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй бүлэг буюу 2-11 насны хүүхдийг томуугийн эсрэг вакцинд хамруулах ажил явагдаж байна. Вакцинжуулалтын хамрагдалт өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 51.5 хувьтай үргэлжилж байгаа. Үүнээс гадна жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинд хамруулж байна" гэв.