Европын Холбооны эрх баригчид гишүүн орнуудынх нь зах зээлд худалдаалагдаж байгаа бүх гар утас, таблет, чихэвчнүүдийг нэгдсэн нэг стандартын цэнэглэгчтэй болгох төлөвлөгөөгөө өчигдөр танилцуулжээ.
Бүх брэндийн төхөөрөмжүүд нэг цэнэглэгчтэй болсноор хэрэглэгчид хожиж, электрон хог хаягдлын хэмжээг бууруулах сайн талтай гэж төслийг санаачлагчид тайлбарласан байна. Тэдний тооцоолсноор Европын Холбоо үүнээс жил бүр 250 сая еврог хэмнэх гэнэ.
Төлөвлөгөөний дагуу бүх төхөөрөмж USB-C стандартын портоор цэнэглэгддэг болох ажээ. Ийм портыг Андроид төхөөрөмжүүд цэнэглэгчдээ ашигладаг. Хэрвээ төлөвлөгөө бодитой хэрэгжвэл “Lightning” порт ашигладаг Apple компани хохирох юм.
Ингэхдээ Европын Холбоо үйлдвэрлэгчдэд шилжилтийн хоёр жилийн хугацаа өгөх юм байна.
Apple компаниас өчигдөр гаргасан мэдэгдэлд Европын Холбооны төлөвлөгөөг шүүмжилжээ. “Зөвхөн нэг төрлийн портыг хатуу тулгаж журамлах нь инновацийг хязгаарлаж, эцэстээ Европын төдийгүй дэлхийн нийт хэрэглэгчдийг хохироох уршигтай юм” гэж тус компани тайлбарласан байна.
Евро коммиссийн дэд ерөнхийлөгч Маргрет Вестагер төлөвлөгөөгөө хамгаалж хэлэхдээ “Бид энэ салбарынханд өөрийн шийдлийг танилцуулах хангалттай хугацаа өгсөн. Харин одоо нэгдсэн стандартын цэнэглэгчийг хуульчлах цаг нь болсон. Ингэснээр манай хэрэглэгчид хожиж, байгаль орчинд сайнаар нөлөөлнө. Энэ бол ногоон эдийн засаг, дижитал шилжилтийн ерөнхий төлөвлөгөөтэй маань нийцэж байгаа юм” гэжээ.
Европын Холбооны сүүлд хийсэн судалгаагаар тус бүсийн орнуудын зах зээлд 2018 онд зарагдсан гар утаснуудын тал орчим нь USB micro-B порттой, 29 хувь нь USB-C, 21 хувь нь Lightning порттой байжээ.
Эх сурвалж: The Guardian