Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Дүрвэгчдийг ташуурдаж байгаа зураг шүүмжлэл дагуулсны дараа АНУ-ын хилийн хамгаалалтад морь ашиглахыг зогсоов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Техас мужийн хилийн жижиг хот Дел Рио орчимд Латин Америкийн орнуудаас олон мянган дүрвэгч цуглаад байгаа билээ.

Голдуу Хайти гаралтай 10,000 гаруй дүрвэгчийг наад захын хүнс, орогнох байраар хангах нь АНУ-ын засаг захиргааны тулгамдсан асуудал болоод байна. 

Энэ долоо хоногийн эхээр дүрвэгчдийг ирсэн газар руу нь буцаах нислэгийг зохион байгуулж эхэлснээр нийтдээ 1,400 орчим хүнийг Хайти руу буцаажээ. Саяхан морь унасан хилийн хамгаалалтын албаныхан Хайти дүрвэгчдийг ташуурдан хөөж байгаа гэрэл зураг нийтийн дунд тарсан юм.

Зураг дээр ковбой хувцастай харуулын алба хаагчид дүрвэгчдийг мориор хашин хөөж байгааг харуулжээ.

Үүнийг зарим хүмүүс Америкийн боолчлолын үеийг санагдуулж байна хэмээн шүүмжилсэн юм.

Цагаан ордон ч уг зургийн мөрөөр шалгахаа амлаж байв. Тэгвэл өчигдөр АНУ-ын Хил Хамгаалалтын Алба дүрвэгчдийн хямралын гол цэг болоод байгаа Дел Рио хот орчимд дэг журам сахиулахдаа морь ашиглахгүй болсноо мэдэгджээ.

“Өнөөдөр өглөө АНУ-ын дотоод хэргийн сайд Дел Рио орчимд морь хэрэглэхгүй болсноо иргэний эрхийн байгууллагуудад мэдэгдсэн” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жэн Псаки сэтгүүлчдэд мэдээлсэн юм.

Байдены засаг захиргаанаас АНУ-Мексикийн хил дээр ирсэн дүрвэгчдийн эсрэг авч байгаа арга хэмжээнүүд хэл ам дагуулсаар байна. Хайти улсад томилогдсон АНУ-ын тусгай элч Дэниэл Фүүт өчигдөр засаг захиргааныхаа “хүмүүнлэг бус” үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд огцрох өргөдлөө төрийн департментад гаргасан байна.

Хайти нь дэлхийн бөмбөрцгийн баруун хагасын хамгийн ядуу улс юм. Олон удаагийн байгалийн гамшиг, улс төрийн үймээн самуунаас дүрвэсэн хайтичууд хөрш орнууд руу олон мянгаараа дүрвэж байна.

 

Эх сурвалж: Reuters