Буянт-Ухаа спорт цогцолборын баруун талд байрлах "Буман залуус" хорооллын гадна оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлж жагслаа.
Энэ талаар оршин суугчдын төлөөлөл “Энэ барилгыг барьсан компани анхнаасаа бидэнд худлаа хэлж, байраа зарсан. Бидний авсан байрны гэрчилгээг гарна гэж хэлээд гурван жил өнгөрлөө.
Анх 2015 онд газраа худалдаж аваад барилга барих ямар ч тусгай зөвшөөрөлгүйгээр барилгын ажлыг эхлүүлсэн гэдгийг бид олж мэдсэн.
Мөн энэ барилга ашиглалтад ороод хэдхэн жил болж байгаа хаалга, цахилгаан шат зэргээс эхлээд эвдрээгүй зүйл гэж байхгүй. Бүр айл өрхүүдийн халаагуур ээлж дараалан буудаж, усанд автдаг байдал үргэлж гардаг.
Анх биднийг энэ байрыг худалдаж авахад хийсэн орон сууц ашиглалтын гэрээнд зааснаар барилга барьсан компани эвдрэлийг хариуцна гэсэн байдаг. Гэвч ямар нэг асуудал гарахаар засаж өгөхийн оронд уурладаг, үнэхээр ёс зүйгүй.
Хамгийн гол нь бидний худалдаж авсан бүх байр одоо Хөгжлийн банканд 15 тэрбум төгрөгийн барьцаанд байгаа бөгөөд тэр зээлээс нэг ч төгрөг төлөгдөөгүй тул найдваргүй зээлийн жагсаалтад орсон байна. Мөн ББСБ, хувь хүний барьцаанд байдгийг олж мэдсэн.
Дээр нь энэ барилгын нэг блокийн 4-5 давхрын барьсан компанийн гурван тэрбум төгрөгийг өгөөгүй тул дөрөв болон тавдугаар давхрыг битүүмжилсэн.
Түүнчлэн 2020 онд шаардлага хангаагүй энэ барилгыг Улсын комисс хүлээн авахаар ажилласан нь хууль бус гэж Захиргааны хэргийн шүүхээс үзсэн тул түр түдгэлзүүлсэн байгаа. Шүүхээс зургаан сарын хугацаанд энэ бүх асуудлаа цэгцлэх үүргийг барилгын компанид нь өгсөн.
Тэр хугацаа нь арванхоёрдугаар сарын 29-нд дуусна. Түүнээс өмнө энэ асуудлыг бүрэн шийдэхгүй бол манай хотхон дээр Улсын комисс ажилласан шийдвэр хүчингүй болно. Ингэвэл 300 өрх дахиад 2-3 жил улсын комисс ажиллахыг хүлээнэ.
Бид дахиад 2-3 жил ийм байдалтай хүлээж чадахгүй. Тиймээс зөвшөөрөлгүй компани барилга барьчхаад сүүлд нь ингэж иргэдийг хохироож байгаа асуудлыг төр, засаг анхаарч өгөхийг хүсье” гэв.
Буман залуус хотхоны СӨХ-ын дарга А.Амартуяа “Улсын комисс энэ барилгын компанийн барьсан барилгын биелэлтийг 100 хувь хангуулж байж ажиллах ёстой. Гэтэл улсын комиссын 28 улсын байцаагч тоглоомын талбай, хашаа ч байхгүй байхад барилгын компанийн үүрэг биелсэн гээд гарын үсэг зурчихсан. Гэтэл өнөөдөр үүргээ биелүүлсэн гэж гарын үсэг зурсан зүйлээс нь нэг нь ч байхгүй.
Барилгын компаниуд барьсан барилгаа ашиглалтад орсноос хойш дөрвөн жил дутуу зүйл болон засварыг хариуцах ёстой байдаг. Тиймээс он дуусахаас өмнө бид дутуу зүйлийг нь албадан хийлгүүлж, гэрчилгээгээ гаргуулж авахгүй бол энэ барилгын компани зугтаад явчихна. Тэгэхээр оршин суугчид өөрсдөө засвараа хариуцах болчхоод байна” гэв.
Гэрэл зургийг Mpa.mn