Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Сонсголгүй хүүхдүүдэд гурав хүртэлх насанд нь дохионы хэлээр боловсрол олгох асуудлыг эхлүүлэх ёстой"

Г.Номин, iKon.mn
2021 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“ОЛОН УЛСЫН ДОХИОНЫ ХЭЛНИЙ ӨДӨР” өнөөдөр тохиож буй. Түүнчлэн жил бүрийн есдүгээр сарын сүүлийн долоо хоногийг Сонсголгүй Иргэдийн Олон Улсын өдрүүд болгон тэмдэглэдэг. 

Долоо хоногийн турш сонсголгүй иргэдийн талаар цогц үйл ажиллагаа, сурталчилгааг дэлхий даяар хувь хүн, олон нийт, нийгэм, төр засгийн түвшинд онцгойгоор анхаарал хандуулдаг билээ. 

Энэ хүрээнд зохион байгуулагдсан сонсголгүй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг ТББ-ууд, дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо, ЭХЭМҮТ-ийн эмч гэх мэт тал талын төлөөллийг багтаасан уулзалтын үеэр хөндөгдсөн онцлох асуудлуудыг эмхэтгэн хүргэж байна. 

Сонсголгүй хүүхдийг хэрхэн эрт оношлох, дунгийн суулгацын талаар болон боловсролын байдал зэрэг олон асуудлаар ТББ-уудын төлөөлөл байр сууриа илэрхийлсэн юм. 

Эрүүл мэнд 

 
Гэрэл зургийг Mpa.mn

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн чих хамар хоолой сонсголын тэргүүлэх зэргийн эмч Д.Ариунтуяа:

  • Хүүхэд тань сонсголгүй, сонсгол бууралттай гэдгийг ажиглаж, таамаглаж байгаа бол аль болох эрт эмчид хандах хэрэгтэй. Сонсголгүй хүүхдүүдэд мэс заслын аргаар суулгадаг дунгийн суулгацыг аль болох эрт нэг нас хүртэлх хугацаанд суулгавал үр дүнтэй. Дунгийн суулгац хийлгэсэн насыг хоёр дахин үржүүлээд хэлд орох насыг тодорхойлдог. Жишээлбэл, зургаан сартайдаа мэс засалд орвол 1.2 настайдаа хэлд орох боломжтой гэж үздэг. Харин таван настай дунгийн суулгац тавиулсан хүүхэд хэлд орох нь хэзээ вэ гэдгийг хэлэхэд хэцүү. Таван нас хүртлээ юу ч сонсоогүй хүүхдийг хэлд оруулахын тулд маш их ажиллах хэрэгтэй болно. 
  • Эцэг, эхчүүд биднээс сонсголын бэрхшээлтэй хүүхэд төрөх ёсгүй гээд хүлээж авахгүй тохиолдол байдаг. Статистик харвал сонсголын бэрхшээлтэй иргэдийн 96 хувь нь эрүүл эхээс төрдөг. 
  • Хүүхдийнхээ ягаан дэвтрийг уншиж танилцаж байгаарай. Тухайн дэвтэр дээр сонсгол бууралттай эсэхийг нягтлах аргуудыг бичсэн байдаг. Тухайлбал, хоёр сартай хүүхдийг хажуугаас, араас нь дуудахад харах ёстой. Зургаа, долоон сартайдаа ганганаж, гунганах авиа гаргахгүй байвал сонсголгүй байж болзошгүй гэж сэжиглэнэ. 
  • Эмэгтэй хүүхэд 1.8-2.3 насандаа, эрэгтэй хүүхэд 2.3 наснаасаа хэлд ордог. Түүнээс хойш хэлд орохгүй байвал эмчид хандаарай.

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхчүүдийн холбооны үүсгэн байгуулагч Н.Дэлгэрмаа: 

  • Хүүхдээ сонсголгүй гэдгийг мэдсэн эцэг эхчүүд сонсдог болгох гэсэн ганц зорилго тавиад яваад байдаг. Тэр хооронд хүүхэд нь нийгмийн харилцаанд орохгүй явсаар л байна. Ингээд 3, 4 нас хүрснийх нь дараа дунгийн суулгац тавиулаад сонсоод л бүх зүйл болчих юм шиг төсөөлөөд байдаг. Гэтэл сонсдог болсон ч ярьж сурахгүй байх тохиолдол бий. Тиймээс нөхцөл байдалтайгаа эвлэрээд аль болох багаас нь дохионы хэл сургах хэрэгтэй. 

Сонсголгүйн боловсрол ТББ-ын тэргүүн А.Баасанжав:

  • Дунгийн суулгац хийлгэсэн хүүхдүүд стресстэх, зан авар нь эрс өөрчлөгдөх тохиолдлуудыг олон харж байсан. Тиймээс эцэг эхчүүдэд хандаж хүүхдээ зөвхөн сонсдог болгоход анхаарлаа хандуулахаас гадна энэ арга бүтэхгүй байх магадлалтайг бодож үзээч ээ гэж хүсмээр байна. Тиймээс аль болох багаас нь дохионы хэлийг заах хэрэгтэй гэж боддог.

Боловсрол

 
Гэрэл зургийг Mpa.mn

Сонсголгүйн боловсрол ТББ-ын тэргүүн А.Баасанжав:

  • Сонсголгүй хүүхэд эх хэлээрээ буюу дохионы хэлээр боловсрол эзэмших нөхцөл бүрдээгүй байна. Сургалтын арга зүй учир дутагдалтай учраас өнөөдөр сонсголын бэрхшээлтэй хүмүүс бичгийн хэлээр өөрийгөө илэрхийлэх чадваргүй, хоцрогдолтой байгаа. Тиймээс Монгол дохионы хэл болон бичгийн монгол хэлийг хослуулан хүүхдүүдэд боловсрол олгох нь үр дүнтэй арга зүй юм. 
  • Сонсголгүй иргэд дохионы хэлээр чөлөөтэй харилцаж чадаж байгаа ч бичгийн хэлний боловсрол хангалтгүй тул тогтмол асуудал тулгарч байна. 
  • 29 дүгээр сургуульд суралцаж байгаа хүүхдүүд хүссэн хичээлээ үзэж чаддаггүй. Жишээлбэл би химийн хичээл хиймээр байсан ч сургуульд заагаагүй. Түүний оронд маш олон цагаар хөдөлмөрийн хичээл ордог. Математик, хими, физикийн хичээл үзсэн юм шиг дүн аваад сургуулиа төгссөн. Олон шалгалтыг тааж, "буудаж" өгч байсан. 
  • Сонсголгүй хүүхдүүдэд гурав хүртэлх насанд нь дохионы хэлээр боловсрол олгох асуудлыг эхлүүлэх ёстой гэж үзэж байна. 
 
Гэрэл зургийг Mpa.mn

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхчүүдийн холбооны үүсгэн байгуулагч Н.Дэлгэрмаа: 

  • Хүүхдээ сонсдог болгоход л бүх анхаарлаа хандуулж, хүчин чармайлт гаргаж явж байгаад бүтэхгүй болохоор нь сургуульд орох насан дээр нь 29 дүгээр сургууль дээр дагуулаад очдог. Гэтэл тэр үед хэдийн оройтсон байдаг. Тав, зургаан нас хүртлээ дохионы хэл сураагүй хүүхэд хоцрогдоод эхэлдэг. 
  • 29 дүгээр сургуулийг төгсөж байгаа хүүхдийн боловсролын түвшинг ЕБС төгсөж байгаа хүүхдийнхтэй харьцуулшгүй. Нэг өгүүлбэрийг бүтэн зөв бичиж чадахгүй хүүхэд 12 дугаар анги төгсөж байгаа.

Нийгмийн харилцаанд оролцох, төрийн үйлчилгээ авахад тулгамдаж буй асуудлууд 

 
Гэрэл зургийг Mpa.mn

Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбооны менежер Э.Эрдэнэчимэг:

  • Сонсголын бэрхшээлтэй иргэд цагдаа шүүхийн байгууллага дээр очоод харилцаа тогтоох шаардлагатай болоход цагдаагийн байгууллагаас манайд хандаж хэлмэрч захиалдаг. Энэ үйлчилгээг 2016 оноос үзүүлж байгаа. Төрийн байгууллагаас энэ төрлийн үйлчилгээг үзүүлдэггүй. 
  • Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбоо 15, 16 гишүүнтэй ч яг идэвхтэй ажиллаж байгаа 3-5 хүн бий. Цагдаагийн байгууллага дээр очиход тухайн сонсголгүй хүний дохионы болон бичгийн хэлний чадвараас шалтгаалаад хоёр хэлмэрч ажиллах тохиолдол байдаг. Тухайн хүн ахуйн дохионы хэл ашигладаг бол сонсголгүй албан ёсны дохионы хэл мэддэг хүн хэлмэрчид албан байдлаар орчуулж өгнө. Түүнийг нь хэлмэрч цагдаад ч юм уу орчуулж өгдөг. 
  • Хэлмэрч сонсголгүй иргэдээс төлбөр авдаггүй бөгөөд төрөөс төлбөрийг хариуцна гэж хуульд заасан ч хаанаас санхүүжилт гарах нь тодорхойгүй байгаа. Гэсэн ч хэлмэрчийн үйлчилгээг зогсоосноор олон хүний эрх зөрчигдөх гээд байгаа учир бид аргалаад үйл ажиллагаагаа явуулж байна. Зарим тохиолдолд цагдаагийн байгууллагаас төлбөрийг нь төлөөд хэлмэрч захиалдаг. 
  • Монгол Улсын хэмжээнд дохионы хэлний хэлмэрч бэлтгэдэг нэг ч сургууль байхгүй. Манай холбооны зүгээс хэлмэрч бэлтгэхдээ аль болох дохионы хэлний суурьтай буюу гэртээ сонсголын бэрхшээлтэй хүнтэй харилцдаг иргэдийг сургадаг.