Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Аудитын байгууллагаас Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын тайланг хянан хуулиар хориглосон ₮5.8 саяын зөрчилд төлбөрийн акт тогтоожээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн аудитын байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг хянаж, дүгнэлтийг олон нийтэд нээлттэй мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 53.1-т “Төрийн аудитын дээд байгууллага зардлын тайланг хүлээн авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх бөгөөд нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, хоёр сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг нийтэд мэдээлнэ” хэмээн заасан байдаг. 

УИХ-ын 2021 оны 7 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн анхан шатны санал авах ажиллагааг 2021 оны зургадугаар сарын 9-ний өдөр явуулахаар товлон зарлаж, зохион байгуулсан билээ. 

Тус сонгуульд Монгол ардын нам, Ардчилсан нам, Зөв хүн электорат эвслээс оролцсон. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт “Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу намууд аудитын хуулийн этгээдүүдээр сонгуулийн хандивын тайландаа аудит хийлгэсэн аж. Үүнд:

  1. Монгол ардын нам Бэйкер Тилли Далайван аудит ХХК,
  2. Ардчилсан нам Пантер мидланд аудит ХХК,
  3. Зөв хүн электорат эвсэл Энич аудит ХХК-иар тус тус аудит хийгдсэн байна.

Сонгуулийн зардлын тайланд хийсэн аудитын илрүүлэлт:

Аудитын хуулийн этгээд нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны зургадугаар сарын 07-ны өдрийн А/68 дугаар тушаалаар баталсан журмын дагуу аудит хийж баталгаажуулсныг Үндэсний аудитын газар дахин хянаж, аудитын явцад нийт 169.3 сая төгрөгийн тайлагналын алдааг залруулжээ.  

Сонгуулийн зардлын тайлангийн аудитаар,

  • Хуулиар зөвшөөрөгдөөгүй хандивыг улсын орлого болгон төвлөрүүлээгүй 2.8 сая,
  • хандив өгч байгаа иргэн, хуулийн этгээдийн нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл дутуу байхад иргэний хандивын орлогоор тайлагнасан 3 сая буюу нийт 5.8 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоосон байна. 

Аудитын дүгнэлт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нам, эвслүүд зардлын тайлангаа аудитын хуулийн этгээдээр баталгаажуулсан бөгөөд тайланг үнэн зөв, иж бүрэн илэрхийлсэн гэж Төрийн аудитын байгууллага дүгнэжээ.

Мөн Төрийн аудитын байгууллага сонгуулийн зардлын тайланг хянахад хуулиар хориглосон 5.8 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороонд нэг, сонгуульд оролцсон нам, эвслүүдэд хоёр, аудитын хуулийн этгээдэд нэг буюу нийт дөрвөн зөвлөмж өгчээ. 

Аудитын зөвлөмж:

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороонд:

1. Нам, эвслийн зохион байгуулалтын бүтцийн нэгжийн сонгуулийн зардлын тайлан гаргах, баталгаажуулах, улсын хэмжээнд нэгтгэж тайлагнах, тайланг хүргүүлэх, нийтэд мэдээлэх зэрэг үйл ажиллагааг хуулийн дагуу, хариуцлагатай, зөв хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах;

Монгол ардын нам, Ардчилсан нам, Зөв хүн электорат эвсэлд:

2. Аудитын хуулийн этгээдийг ил тод, нээлттэй, хараат бусаар сонгон шалгаруулж байх;

3. Сонгуулийн зардлын тайланг гаргахдаа анхан шатны иж бүрэн баримт материалд үндэслэн хуулийн хугацаанд, батлагдсан маягтын дагуу үнэн зөв тайлагнаж байх;

Бэйкер Тилли Далайван аудит ХХК, Пантер мидланд аудит ХХК, Энич аудит ХХК:

4. Аудитын Олон Улсын Стандартыг чандлан мөрдөж, ёс зүйг баримтлан, аудитын горим, сорилыг бүрэн хэрэгжүүлж, хангалттай, зохистой нотлох баримтыг үндэслэн баталгаажуулж байх;

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд  29 хуулийн этгээд 5,401 иргэн мөнгөн болон мөнгөн бус хандив өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээс сонгуулийн зардлын тайлангаа ирүүлсэн гурван нэр дэвшигчдийн дансанд нийт 6,407.1 сая төгрөгийн орлого төвлөрч, сонгуулийн үйл ажиллагааны зардалд 6,690.3 сая төгрөг зарцуулж, харилцах дансанд 229.6 мянган төгрөгийн үлдэгдэлтэй, 283.4 сая төгрөгийн төлөгдөөгүй өр төлбөр тайлагнасан байна.

Сонгуульд нэр дэвшигчдэд 29 хуулийн этгээд 184.4 сая төгрөг, 5,401 иргэн 5,400.9 сая төгрөгийн мөнгөн болон мөнгөн бус хандив өгчээ. Түүнчлэн тус сонгуульд нам, эвслүүдээс 621.8 сая, нэр дэвшигч өөрийн хөрөнгөөс 200 сая төгрөгийн орлогыг сонгуулийн зардлын дансанд тус тус төвлөрүүлсэн аж. 

Нэр дэвшигчдийн сонгуулийн үйл ажиллагааны зардлын ангилал: 

Д\д

Зардлын ангилал

Мөнгөн дүн (сая төгрөгөөр)

2.1

Сонгуулийн зардал

6,.690.3

2.1.1

Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал

3.449.2

2.1.2

Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх8 сонгогчдод тараах

817.4

2.1.3

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, дэлгэц байрлуулах зардал

54.3

2.1.4

Намын далбааг гудамж талбайд байршуулах, таних тэмдэг, уриа, ашиглах зардал

2.1.5

Сонсогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх зардал  

351.3

2.1.6

Ухуулах байр ажиллуулах зардал

404.4

2.1.7

Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглах

644.2

2.1.8

Цахим орчин ашиглах зардал

333.4

2.1.9

Өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийлүүлэх зардал

30.0

2.1.10

Сонгуулийн сурталчилгаанд тээврийн хэрэгсэл ашиглах зардал

606.1

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 8,103.9 сая төгрөгөөр тогтоосныг гурван нэр дэвшигч хэтрүүлээгүй байна.

Сонгуульд 2,956 иргэн 0-1 сая хүртэл дүнтэй нийт 581.2 сая, 2,444 иргэн нэг сая ба түүнээс дээш дүнтэй нийт 4,818.9 сая төгрөгийн мөнгөн хандивыг тус тус өгчээ.

Хуулийн этгээдээс 12 аж ахуйн нэгж, байгууллага 0-2 сая хүртэл дүнтэй нийт 5.4 сая, 17 аж ахуйн нэгж байгууллага хоёр сая ба түүнээс дээш дүнтэй нийт 179 сая төгрөгийн мөнгөн хандивыг тус тус өгсөн байна.

Тайлангийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.