Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Сомали улс сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаа театрт кино үзүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Иргэний дайны хөлд олон жил нэрвэгдсэн Сомали улс өчигдөр өндөр харуул хамгаалалтын дор театрт кино үзүүлсэн нь сүүлийн 30 жилийн хугацаанд анхны тохиолдол болжээ.

Киног 1967 онд Хятадын удирдагч Мао Зэдуний бэлэглэсэн Үндэсний Театрт гаргасан байна.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд уг театр цэргийн төв штаб болж, террористуудын халдлагад өртөж байсан түүхтэй.

“Өнөөдөр Сомалийн ард түмний хувьд түүхэн өдөр болж байна. Олон жилийн хүндрэл бэрхшээлийн дараа соёл урлаг сэргэх найдлага төрүүлсэн явдал боллоо” гэж театрын захирал Абдикадир Абди Юсүф нээлтийн үеэр хэлжээ.

Өчигдөр орой уг театрт Сомалийн найруулагч Ибрахимийн “Hoos”, “Date from Hell” нэртэй хоёр бүтээлийг $10-ын тасалбараар үзүүлсэн байна. Театр анх удаа Сомалийн найруулагчийн киног гаргаж байгаа нь энэ юм.

Цагийн сайханд Сомалийн нийслэл Могадишу хот олон кинотеатртай, соёл урлагийн төв болж байсан гэдэг. Гэвч 1991 онд иргэний дайн эхэлсэн цагаас хойш бүх зүйл өөрчлөгджээ.

2012 онд Үндэсний Театрыг нээсэн ч хоёр долоо хоногийн дараа исламын Аль Шабаб террорист бүлэг бөмбөг дэлбэлж байв. Аль Кайда байгууллагатай холбоотой гэгддэг тус бүлэг Могадишу хотод байн байн халдлага үйлдэхдээ энтертайнмент төвүүдийг байгаа болгодог байжээ.

Нийслэлээс арав орчим жилийн өмнө хөөгдсөн Аль Шабаб бүлэг одоо Сомалийн зах хязгаар нутагт үйл ажиллагаагаа явуулж, үе үе халдлага зохион байгуулдаг. 

Эвдэрч сүйрсэн театрыг засварласны дараа Лхагва гарагт дахин нээсэн байна. Театрын нээлт олон сомаличуудын хувьд хүүхэд насны дурсамжийг нь сэргээжээ.

Аюулгүй байдлыг хангах үүднээс үзэгчдийг театрт нэвтрүүлэхдээ давхар давхар хяналт шалгалтаар оруулсан байна.

 

Эх сурвалж: AFP