Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Туркийн ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээрээс Крымийн хойг Украины газар нутаг болохыг зарлав

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нью Йорк хотод үргэлжилж байгаа НҮБ-ын ерөнхий ассемблейн 76 дугаар чуулганд оролцож, үг хэлэхдээ Туркийн ерөнхийлөгч Рэжэп Таийп Эрдоган хөрш Украин улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг дэмжихээ илэрхийлжээ.

Тэрбээр Крымийн Татаруудын эрхийг хамгаалах асуудалд анхаарал хандуулахыг НҮБ-ын гишүүн орнуудын удирдагчдад уриалсан байна.

“Украины газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах нь чухал болохыг бид бүгд ойлгож байгаа. Үүнд Крымийн хойгийн асуудал ч багтана” гэж Эрдоган НҮБ-ын индэр дээрээс хэлжээ.

Крымийн хойгийг Украинаас салгаж, ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулсан явдлыг дэмжихгүйгээ Эрдоган өмнө нь ч илэрхийлж байсан удаатай. Тухайлбал энэ оны дөрөвдүгээр сард Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг Анкарад айлчлахад тэр Крымийн хойгийг Украинд буцааж нэгтгэх зорилготой “Крымийн Платформ” санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.

НҮБ-ын чуулганы индэр дээрээс Эрдоганы хийсэн мэдэгдлийн дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчидтэй уулзахдаа “Крымийн асуудал дээр манай хоёр оны байр суурь эрс ялгаатай байдаг. Бид Туркийн талын байр сууринд харамсаж байна. Цаашдаа Турк улс үнэнд гүйцэгдэн бодит байдалтай эвлэрч, байр сууриа өөрчилнө гэж найдаж байна” гэж мэдэгджээ.

Турк, Оросын эрх баригчид олон салбарт хамтарч ажилладаг ч санал зөрдөг олон асуудал бас бий.

Эрдоган ирэх долоо хоногт Москвад айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах юм. “Нэн түрүүнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхол Оросын талд ч, Туркийн талд ч байгаа тул харилцаа хэвийн үргэлжилнэ” гэж Песков мэдэгджээ.

Крымийн иргэдийн дунд бүх нийтийн санал хураалт явуулсны дараа тус газар нутгийг 2014 оны гуравдугаар сард ОХУ өөртөө нэгтгэсэн юм. Санал хураалтыг Украин болон дэлхийн ихэнх улс орнууд хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Крымийн хойгийг ОХУ хууль бусаар өөртөө нэгтгэсэн гэж үздэг.

 

Эх сурвалж: Russia Today