Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

С.Болд: Цар тахлын халдварын эрсдэлийг бууруулахгүйгээр эдийн засгийн тогтвортой сэргэлтийн талаар ярих боломжгүй

Г.Номин, iKon.mn
2021 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Азийн хөгжлийн банк жил бүрийн намар шинэчлэн гаргадаг "Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв" эдийн засгийн тайлангаа өнөөдөр танилцууллаа.

Танилцуулгын үеэр АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран "Улс орнууд КОВИД-19 халдварын улмаас үүсэж буй хүндрэл бэрхшээлтэй тулсаар байна. Вакцинжуулалтын хамрагдалт улс орнуудад харилцан адилгүй байгаа нь эдийн засгийн өсөлтийн зөрүүтэй байдлыг нэмэгдүүлж байгаа.

Бүс нутгийн бараа үйлчилгээний дүн гарч 2021, 2022 онд өсөх таамгийг дэвшүүлж байгаа нь бүс нутгийн экспорт бүхэлдээ сэргэх хандлагатай бөгөөд мөнгөний, төсвийн  зөөлөн бодлого хэрэгжүүлж буйтай холбоотой. 

Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийг хэд хэдэн хүчин зүйл сулруулж болзошгүй. Өөрөөр хэлбэл, 

  • Цар тахал эрчээ авах
  • Вакцинд тэсвэрлэх чадвартай вирусийн хувилбар тархах,
  • Вакцинжуулалтын үр дүн буурах зэрэг нь эдийн засгийн өсөлтийг бууруулж болзошгүй гэж үзэж байна. 

Энэ удаагийн сэдэвчилсэн хэсэг "Хувьсан өөрчлөгдөж буй ХАА салбар" гэсэн сэдэвтэй гарч байгаа бөгөөд хүнсний тогтвортой үйлдвэрлэл, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ХАА-н салбар хөгжиж буй улс орнуудын цаашдын хувь заяаг тодорхойлоход чухал нөлөөтэй байх болно" гэдгийг хэллээ. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төсөөлөл, цаашдын төлөвийг АХБ-ны Монгол Улс дахь Суурийн төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч С.Болд нарийвчлан танилцуулав.

Тэрбээр "Бүс нутгийн хэмжээнд цар тахлын нөхцөл байдал сайжраагүй байна. Энэ нь дөрөвдүгээр сард зарласан эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулах гол үндэслэл болсон. 

Манай улсын хувьд 2020 оны арваннэгдүгээр сараас 2021 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд гурван удаагийн хөл хорионы арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Тухайн үеийн халдварын нөхцөл байдлыг одоогийнхтой харьцуулахад бараг халдваргүй гэж хэлж болохоор байв. Энэ оны эхний дөрөв, тавдугаар сард халдварын эхний давалгаа гарч тавдугаар сарын 8-нд сүүлийн хөл хориог цуцалсан. 

Цар тахлын халдварын эрсдэлийг бууруулахгүйгээр эдийн засгийн тогтвортой сэргэлтийн талаар ярих боломжгүй гэдгийг энэ удаагийн тайланд онцолсон. Халдварын тоог бууруулж, нам түвшинд байлгах нь бодлогын хамгийн чухал тулгуур юм. Мөн вакцинжуулалт дээр нийгмээрээ маш зөв хүлээлттэй байх шаардлагатайг тайланд тусгасан. 

Вакцины үр нөлөө ямар байгааг бүс нутгийн хэмжээнд харьцуулж харцгаая. Вакцинжуулалтад хамрагдах тоо нэмэгдэх тусам халдвар авсан хүмүүс дундах нас баралт буурч байна. Вакцинжуулалт халдвараас хамгаалахгүй. Харин хүндрэлийн эрсдэлийг тодорхой хэмжээгээр бууруулна. 

Инфляцын дарамт зөвхөн 2021 оноор хязгаарлагдахгүй 2022 онд ч үргэлжлэхээр байна

 

Цар тахлын халдварыг бууруулан нам түвшинд барихын зэрэгцээ вакцинжуулалтыг эрчимжүүлсэн улс орнуудад эдийн засгийн өсөлт ажиглагдаж байгаа юм. 

 

Эдийн засгийн сэргэлтийн талаарх хүлээлт 2021 оны нэгдүгээр улиралд нэлээд өндөр байсан. Хоёрдугаар улиралд алаг цоог өсөлттэй байсан бол гуравдугаар улиралд бүс нутгийн хувьд буурсан. 

Манай улсын хувьд 2021 оны дөрөвдүгээр сарын төсөөллийг шинэчилсэнтэй харьцуулж харвал:

 

Инфляцын дарамт зөвхөн 2021 оноор хязгаарлагдахгүй 2022 онд ч үргэлжлэхээр байна. Гадаад худалдаа, экспорт дээр бид шок аваад байгаа. Экспортын бүтээгдэхүүний эрэлт, үнэ өсөж байгаа ч бид гаргаж чадахгүй байна. Энэ нь тээвэр логистикын гэхээсээ илүү цар тахлын нөхцөл байдалтай холбоотой. 

БНХАУ-ын хувьд халдварын тохиолдлын тоог байж болох хамгийн нам түвшинд барина гэсэн хатуу бөгөөд оновчтой бодлого барьж байгаа. Бид гол худалдан авагчийнхаа энэ бодлоготой нийцэж ажиллах учиртай.

Шинэчилсэн төсөөллийг гаргахдаа ХАА, аж үйлдвэрийн салбарыг бууруулж, үйлчилгээний секторыг ялимгүй өсгөж цэвэр зөрүүгээрээ 0.2 хувиар буурлаа.

 

2022 онд нөхцөл байдал сайжрах байх гэсэн эерэг хүлээлт дээр үндэслэн 0.3 нэгж хувиар өсгөн төсөөлж байгаа" хэмээн танилцууллаа.